Сүүлийн жилүүдэд нийслэлийн авто замуудыг шинэчлэн, өргөтгөж байгаа. Гэсэн хэдий ч Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих, хурд хэтрүүлж осол гаргах нь буурахгүй байгаа билээ. Тэгвэл саяхнаас хурдны зөрчил илрүүлэх зөөврийн төхөөрөмж ХБНГУ-аас авчран туршилт хийж, нэвтрүүлэхэд бэлэн болжээ. Тус төхөөрөмж нь “Vitronic” компанийнх аж. Замын хөдөлгөөний хяналтын Vitronic-ийн системүүд нь лазер скайнерийн хэмжилтийн техник дээр тулгуурладаг хурд хэмжих шинэ үеийн төхөөрөмж гэнэ. Энэ төхөөрөмж нь хэд хэдэн эгнээнд явж буй олон машиныг нэг дор хэмжих хүчин чадалтай юм байна. Түүнчлэн үзэгдэх орчин хязгаарлагдмал нөхцөлд ч хэмжилт хийх чадвартай. Энэхүү төхөөрөмжийг ашиглан хяналтгүй байсан авто замууд болох Нисэх, Баянхошуу, Хөтөл зэрэг хурд ихээр хэтрүүлдэг замд хяналт тавих боломжтой болж байгаа юм. Анхны туршилтаа Яармагийн замд хийжээ.