Нийслэлийн Баянзүрх дүүргийн 84 дүгээр сургуулийн сурагчдын “Бяцхан манлайлагч” гэх сургалтад албадан хамруулж, эцэг эхчүүдээс сургалтын төлбөр болох 300.000 төгрөгийг нэхэж байгаа гэх мэдээлэл цацагдаад байгаа билээ.
Эл асуудлын дагуу БСШУЯ-ны холбогдох мэргэжилтнүүд дээрх сургалт нь яам болон албан тушаалтны нэрийг барьж, сургалт явуулахаар төлөвлөж байсныг нотолжээ. Тиймээс салбарын сайд Л.Гантөмөр “Сурагчдаас хууль бус төлбөр, хураамж авахыг хориглох тушаал”-ын хэрэгжилтийг хангаж ажиллахыг үүрэг болголоо. Цаашид ч энэ мэтчилэн хууль бус үйлдэл явуулахгүй байхыг нийслэл, аймгийн боловсролын газрууд, дүүргүүдийн боловсролын хэлтэс, нийт төрийн өмчийн сургуулиудад анхааруулжээ.
Харин энэ талаар тус сургуулийн захирал С.Марта эцэг эхчүүд болон хэвлэл мэдээллийнхэн ташаа мэдээлэл авсан хэмээн залруулга гаргажээ. Уг залруулгад “АНУ-ын “Фрэнклин Ковей” компанийн хэрэгжүүлж буй “Бяцхан манлайлагч” хөтөлбөрийг “Арвис”, “Монгень”, “Гурван тамир” сургуулиудын адил өөрийн сургуульдаа хэрэгжүүлэх боломж байгаа талаар эцэг эхийн хурлын үеэр мэдээлэл өгч, санал асуулга авсан. Харин уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай гэсэн утгаар огт яриагүй болно” гэжээ.