Хөгжлийн банк, бондын зарцуулалт тойрсон маргаан үргэлжилж байна. Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан ажлын хэсэг 10 гишүүнтэй ч тус банкинд хийсэн шалгалтын дүн дээр санал нэгдэхгүй байгаа юм.
Ажлын хэсэгт багтсан АН-ын гишүүд уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөөгүй. УИХ-ын зарим гишүүний компани “Чингис” бондоос санхүүжилт, зээл авсан гэж буй. Энэ асуудлаар УИХ дахь МАН, АН-ын бүлгүүд өчигдөр хуралдаж, байр сууриа илэрхийллээ
С.БЯМБАЦОГТ: МАН-ЫН ГИШҮҮД БОНДООС НЭГ Ч ТӨГРӨГ АВААГҮЙ
УИХ дахь МАН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн банкнаас зээл авсан, түүнтэй нэр холбогдсон улстөрчдийг ил тод зарлах нь зөв гэж үзжээ. Ингэснээр аль компани хуулийн дагуу зээл аван ажиллаж буй, аль нь “хулгай” хийснийг ялгаж салгана гэж тэд үзсэн аж.
Учир нь С.Бямбацогт, М.Энхболд нарын компани Хөгжлийн банкнаас зээл авсан аж ахуйн нэгжүүдийн дунд цохиж яваа юм. Энэ талаар Д.Хаянхярваа гишүүн “Говь” компанид М.Энхболд 10, С.Бямбацогт 200 ширхэг хувьцаа эзэмшдэг.
Гэтэл энэ компани долоон сая хувьцаатай, 16 мянган хувьцаа эзэмшигчтэй. “Говь” компани хуулийн шаардлага хангаад бондоос зээл авсан байж болно. Ийм байхад тэндээс 10 ширхэг хувьцаа эзэмшдэг хүнийг хамаатуулж ярих нь буруу” гэлээ.
Тиймээс АН, МАН гэлтгүй бондоос зээл авсан компанитай холбогдож буй хүмүүс ил болж, буруу, зөвөө ялгуулахыг уриалж буй аж.
С.Бямбацогт гишүүн “Надтай холбоотой асуудлыг шалгуулахаар хуулийн байгууллагад хандсан. УИХ-ын гишүүн хуулиараа давхар бизнес эрхэлж болохгүй. Компани тусдаа Удирдах зөвлөлтэй шүү дээ. Тэгээд ч миний хувьцаа эзэмшдэг компани хийсэн ажлынхаа санхүүжилтийг авсны төлөө тэднийг харлуулж болохгүй.
Үүнээс гадна хуулийн дагуу зээл авсан, баялаг бүтээж буй компаниудыг буруутгах ёсгүй. Тэд хийсэн ажлынхаа санхүүжилтийг л авч байгаа. МАН-ын гишүүд нэг ч төгрөг бондоос аваагүй” гэв. Мөн хувьцаа эзэмшдэг компани нь зээл авчихаад үр ашиг гаргаагүй бол ялгаагүй хариуцлага хүлээх ёстой гэлээ.
Бондоос зээл авсан компаниудын нэг нь МАК. Тус компанийн захирлын хүү, гишүүн Н.Номтойбаяр энэ талаар “Аж ахуйн нэгж банк хоорондын асуудлыг улстөрчдийн нэртэй холбож байна. Эдийн засаг хямарсан үед манай компани баялаг бүтээж, ажлын байр бий болгохоор цементийн үйлдвэр байгуулсан.
Санхүүжилтэд зориулах 600 тэрбум төгрөгийг өөрсдөө гаргаж, үлдсэн 20 орчим тэрбум төгрөгийг Хөгжлийн банкнаас зээлсэн. Хуульд заасан шаардлагыг хангаад зээл авсан атал үүнийг зарим хүн өөрсдийн луйвартай хольж буйд харамсаж байна. Импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, гүйцэтгэл нь 90 хувьтай яваа шүү” гэв.
Тус бүлгээр үүнээс гадна Цэцийн дүгнэлтэд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах, эсэхийг хэлэлцжээ. Шүүхийн бүтцийг тойргийн системд оруулсан нь Үндсэн хуультай зөрчилдсөн гэж Цэц үзсэнийг УИХ хүлээж авсны дараа Ерөнхийлөгч хориг тавьсан юм.
МАН-ынхан “Ерөнхийлөгч Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд хориг тавьсан анхны тохиолдол нь энэ. Үнэн хэрэгтээ Төрийн тэргүүн Үндсэн хуульд хориг тавьж буй хэрэг болчих учраас хүлээж авахгүй” гэж шийджээ.
Б.ГАРАМГАЙБААТАР: МАН-ЫН ГИШҮҮД БАТАЛГААГҮЙ, ХУДАЛ
МЭДЭЭЛЭЛ ЦАЦСАН
АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Хөгжлийн банкны асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл сонссон байна. Тус бүлгийн дэд дарга С.Одонтуяа “10 хүнтэй ажлын хэсэг нэгдсэн дүгнэлт гаргаагүй, гишүүд гарын үсэг зураагүй байхад зарим нь үндэслэлгүй мэдээлэл цацаж, улстөржүүлж байна.
Үүнд АН-ын гишүүд дургүйцсэн. Бондын мөнгөнөөс 5.4 сая доллар дутсан гээд буй. Үндэсний аудитын газар болон Сангийн яамнаас үүнийг шалгасан. Бонд гаргаж буй бол 0.2-0.3 хувийг нь үйл ажиллагааны зардалд гаргадаг олон улсын жишиг бий.
Үүний дагуу уг мөнгийг үйл ажиллагааны зардалд зориулан шилжүүлсэн. Маргааш (өнөөдөр) хамтарсан Байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсгийг сонсоно. Тиймээс гишүүдэд нь саналаа нэгтгээд, ямар заалтыг дэмжинэ, ямрыг нь үгүй гэдгээ тодорхой болгоод оруулж ирэх үүрэг өгсөн” гэлээ.
АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Үндэсний аудитын газар, Сангийн яам, УИХ-ын Тамгын газрын дэргэдэх Хяналт, шалгалтын хэлтсийн нарийн бичгийн дарна нарын яриа хэвлэлүүдээр гарсан. МАН-ын гишүүд баталгаагүй, худал мэдээлэл цацсан” гэв. Тэднээс зарим зүйл тодрууллаа.
-Таны “Мон роуд” компани бондоос санхүүжилт авсан. Гурван тэрбум төгрөгийн өртөгтэй атал 10 тэрбумыг авсан гэж буй?
-Миний үүсгэн байгуулсан компани 2012 оны сонгуулийн өмнө Архангай аймгийн Халзан бүргэдтэй, Солонготын давааны чиглэлд зам тавих ажлын тендерт оролцож ялсан. Нэг ч км зам тавиагүй гэж АТГ-ын хариуцлагатай албан тушаалтан мэдээлснээр энэ асуудал нэлээд яригдсан.
Замын ажил дууссан ч санхүүжилт нь бүрэн орж ирээгүй байгаа. Тухайн компани ч энэ асуудлаар шүүхэд хандахаар зэхэж буй. Замыг ашиглалтад өгсний дараа асуудал тодорхой болох байх.
-Сангийн яамнаас байгуулсан ажлын хэсгийн дүгнэлтийг МАН-ынхан яриад байгаа гэсэн мэдээлэл бий...
-Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, ерөнхий аудитор зэрэг хүн манай бүлгийн хуралдаанд оролцож, гишүүдийн асуултад хариуллаа. Сангийн сайд Ж.Эрдэнэбат Хөгжлийн банкинд шалгалт хийх ажлын хэсэг байгуулсан нь үнэн юм билээ.
Гэвч уг ажлын хэсгийнхэн дүгнэлтээ огт баталгаажуулаагүй, албажуулаагүй. Үүнийг л МАН-ынхан олж аваад Байнгын хорооноос байгуулсан ажлын хэсгийн дүгнэлт мэтээр ярьж, олон нийтийн толгойг эргүүлсэн. Тэд мөн ҮАГ хоёр дүгнэлт гаргасан гэсэн. Ерөнхий аудитор А.Зангад гуай “Аудитын газар хэзээ ч хоёр дүгнэлт гаргадаггүй” гэж хариулсан.
С.ТУУЛ