Үе үеийн Батлан хамгаалахын сайд нарын найруулсан цэргийн алба хаагчдын 300 айлын орон сууцны үлгэр сая нэг амар сайхандаа жаргав. Түүх сөхвөл, Батлан хамгаалахын сайд асан Лу.Болд 2012 оны эхээр салбарынхаа 300 алба хаагчдад орон сууцны эрх тарааснаар эл үлгэр эхэлсэн юм.
Тухайн үед “молекул” Б.Батбаярын хүүгийн “Спейшл” корпорац Зэвсэгт хүчний алба хаагчдыг орон сууцтай болгох 10 гаруй тэрбум төгрөгийн тендерт ялсан. Гэтэл дараа нь “Хөх Монголын тэнгэр” буюу ХөМоТэ гэх компанийнхан Цэргийн музейн хашаанд 230 айлын гурван орон сууцан дээр нэмж 70 айлын бас нэг байшин барихаар болов.
Тодруулбал, БХЯ 2011 оны есдүгээр сарын 9-нд 230 айлын орон сууц бариулах гэрээг гүйцэтгэгч компанитай байгуулж, арван давхар гурван байшингийн өртөг болох 7.9, 70 айлын орон сууц бариулахаар 2.4, нийт 10.3 тэрбум төгрөгийг ХөМоТэ-д нэг мөсөн өгсөн нь тус яамныхныг хардахад хүргэсэн хэрэг.

Эцэст нь ХөМоТэ нь нэрээ өөрчилсөн болохоос өнөөх “Спейшл” корпорац байж таарав. Анхнаасаа техникийн нөхцөлөө аваагүй байсан тус цэргийн хотхоны барилга зохих эздэдээ очих нь байтугай эл хэрэгт Батлан хамгаалах яамны эрх бүхий албан тушаалтнууд холбогдсон нь тодорхой болж, АТГ шалгаж эхэлснээр барилгын ажил бүрмөсөн зогсож, асуудал ч тэгсгээд намжсан юм.
ХөМоТэ 2014 онд цэргийн албан хаагчдын дөрвөн блок барилгын 70 хувийг гүйцэтгээд зогссон байсныг БХЯ (одоогийн), ЗХЖШ-ын удирдлагуудын шийдвэрээр барилга болон инженерийн цэргийн ангиуд гурван сарын хугацаанд гүйцээж дуусган, өчигдөр хүлээлгэн өглөө.
Тухайлбал, Зэвсэгт хүчний 338, 339, 017 дугаар анги болон бусад ангийн офицер, ахлагч, ажилтан нийлсэн 250 гаруй залуус орон сууцны дөрвөн барилгын дотоод иж бүрэн засвар, цахилгаан, сантехникийн тоноглолын ажлыг гүйцэтгэсэн байна.
Мөн Зэвсэгт хүчний 014 дүгээр ангийн офицер, ахлагч, энгийн, хугацаат цэргийн 41 алба хаагч 120 метр шороон даланг бэхжүүлж, 144 метр явган хүний зам тавьж өгчээ. Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн захирагч, хурандаа Л.Балдан-Очир “Манай барилга, инженерийн ангиуд өнгөрсөн есдүгээр сарын 15-наас барилга дээр өдөр, шөнөгүй ажилаж, өнөөдөр (өчигдөр) цэргийн алба хаагчдадаа байрных нь түлхүүрийг гардуулж өглөө.

2011 онд эхэлсэн барилга олон жил зогсонги байсныг хүмүүс сайн мэдэх байх. Бид гуравхан сарын хугацаанд барилгын үлдсэн хэсгийг засаж дуусгалаа. Графикийн дагуу арванхоёрдугаар сарын 10-нд хүлээлгэж өгөх байсан.
Эдгээр орон сууцанд Зэвсэгт хүчинд олон жил зүтгэсэн ахмадууд, одоо ажиллаж, бусдыгаа хошуучилж буй цэргийн алба хаагчид орж байгаа. Өөрөөр хэлбэл, таваас дээш ажилласан цэргийн цолтой хүмүүс л дээ. БХЯ-ны Хөгжлийн сангийн 1.4 тэрбум төгрөгөөр барилгыг бүрэн ашиглалтад оруулсан.
Харин эдгээр барилга анхнаасаа цахилгаан, дулааны шугамд холбогдоогүй байсан учраас байр авах квоттой алба хаагчдаас тус бүр таван сая төгрөг цуглуулж, хажуудаа уурын зуух барьсан” гэв.
Дашрамд дурдахад, энэ онд цэргийн алба хаагчдыг орон сууцжуулахаар Баян-Өлгий аймагт 40 айлын орон сууцны барилга, нийслэлийн Баянзүрх дүүрэгт албан тушаалын 63 айлын байр ашиглалтад оруулжээ.
О.БАТ-УНДРАХ