Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд ажил эрхэлж, амьжиргаагаа дээшлүүлэх боломжгүй байдаг. Харин тэдэнд хүүхдээ асрангаа санхүүгээ нэмэгдүүлэх боломжийг “Ээлтэй ертөнц” ТББ-ынхан олгосон билээ. Тус байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдын төлөө үйл ажиллагаа явуулдаг бөгөөд тэдэнд санхүүгийн дэмжлэг үзүүлэх зорилгоор 2011 оноос зөөлөн тоглоомын өрхийн үйлдвэрлэл эхлүүлжээ. Гэвч уг үйлдвэрлэлээ өргөжүүлэх хөрөнгөгүй учраас бүтээгдэхүүн нийлүүлэх, зах зээлд борлуулах аргагүй болсон байна. Өрхийн үйлдвэрлэл эхлүүлснээр халамжийн хэдэн төгрөгөөр өдрийн хоол, унааны зардлаа зохицуулж байсан ээжүүд хүүхдээ хөгжүүлэх, идэвхитэй амьдрах урам зоригтой болсныг тус төвийн тэргүүн Т.Туяажаргал хэлсэн.Тус төвийнхөн 2012 оноос эхлэн гурван жил дараалан УИХ-ын гишүүдийн гар утсанд өөрсдийн урласан бүтээгдэхүүнийг худалдан авах, үйлдвэрлэл явуулах хөрөнгөөр туслахыг уриалсан мессеж явуулсан аж. Гэвч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс тэд өнөөдөр УИХ-ын гишүүд болон Нийслэлийн иргэдийн төлөөлөгч, дүүргийн Засаг дарга нарт албан тоот хүргүүлэх аж. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээж нар өөрийгөө хөгжүүлэх, нэмэлт орлого олоход дэмжих, ажлын байраар хангаж өгөхийг албан бичигтээ дурьджээ. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ээжүүд унага, бамбарууш зэрэг зөөлөн тоглоом, үзэг харандааны сав урласан байна. Эдгээр бүтээлийг нь худалдан авч, үр хүүхдээ баярлуулахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг дэмжихийг тэд уриалж буй.
Ч.Болортуяа