Сонгинохайрхан дүүрэг, Ханын материалын комбинатын 9.2 га газарт хотын захиргааны шинэ цогцолбор барихаар төлөвлөж, төсөл хэрэгжүүлэгчээр БНСУ-ын “Халла гонсол” компани шалгарсан. Нийслэлийн ЗДТГ-аас 50.000 ам метр талбай бүхий барилгын зураг төсөл боловсруулж, экспертиз хийлгэж, газрыг нь шийдэн, техникийн нөхцөлийг нь ч бэлэн болгосон байжээ. Ингээд бүтээн байгуулалтыг эхлүүлэхэд бэлэн болгочихоод байтал төсөл хэрэгжүүлэгч компани манай улсын эдийн засгийн байдал, валютын ханшийн өсөлтөөс шалтгаалж, хөрөнгө оруулахаа хойшлуулжээ.
Цогцолбор нь нийслэлийн ИТХ, ЗДТГ, харьяа агентлагуудыг байрлуулах дөрвөн барилгаас бүрдсэн байхаар төлөвлөсөн бөгөөд 2013 оны зургадугаар сард шавыг нь тавьж байв. Тэр үед барилгын ажлыг нь өнгөрсөн оны дөрөвдүгээр сараас эхлүүлж, хоёр жилийн хугацаанд барьж дуусгана гэж ярьж байв. “Халла гонсол” компани барилга, газар шорооны ажил гүйцэтгэх, тоног төхөөрөмж нийлүүлэх зэрэг бүх ажлыг багтаан нийт 78.7 сая ам.доллараар шинэ барилга барих санал тавьжээ. Тус компани өөрийн хөрөнгөөр уг ажлыг гүйцэтгээд, дараа нь төлүүлэх нөхцөлтэй гэрээ байгуулахаар хотын удирдлагуудтай хэлэлцэж байсан гэнэ.