Арванхоёрдугаар сарын 02
- Григорийн тооллын 336 дахь өдөр. Мөн он дуустал 29-хөн өдөр үлдлээ.
- Өнөөдрөөс эхэлж хүйтний эрч бага багаар чангарч байгаа тул дулаан хувцаслаж, ханиад томуунаас сэргийлээрэй. Өдөртөө -14 хэмийн хүйтэн бол шөнөдөө -18 градус хүйтэн байх нь ээ. Түүнчлэн бага зэргийн цас орох юм байна.
- Билгийн тооллын 22, их морь одтой, хар хулгана өдөр. Эл өдөр үсээ засуулах буюу авахуулбал, идээ ундаа элбэг олдох сайн өдөр гэнэ. Өнөөдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандахыг од эрхэс зөвлөж байна. Ялангуяа морь уралдахад муу гэнэ.
- Манай улсын голлох валют болох ам.долларын ханш урьд өдрүүдийнхээс чангарч 1997.00 төгрөгтэй тэнцэж байгаа бол бусад валют болох рубль 30.50, юань 312.00, вон 1.72 төгрөг байна.
- Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдээ хараад гэртээ байдаг зөөлөн тоглоом үйлдвэрлэгч ээжүүд УИХ-ын гишүүд, НИТХ-ын төлөөлөгчид, Дүүргүүдийн ЗД нарт хандан албан бичиг хүргүүлэх гэж байна. Тэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, хүүхдийн бэлгэнд Монголчуудын урлаж байгаа зөөлөн тоглоом буюу чихмэл өгөхийг уриалж байгаа ажээ. Арга хэмжээ 11.00 цагаас 1111 төвд болох юм байна.
- 10.00 цагаас НМХГ-ын хурлын танхимд сүүлийн үед барилга дээр гарсан осол, түүний шалтаг шалтгаан, ноогдуулсан шийтгэвэр болон өнгөрсөн 10 сард илрүүлсэн, зөвшөөрөгдсөн хэмжээнээс давуулж, хууль бусаар шонхор шувуу барьж тэжээж байсан катар иргэдэд ямар арга хэмжээ авагдсан зэрэг асуудлаар мэдээлэл хийх болно.
- Гурвантэс сумын Тост, Тосон бумбын нуруу орчмын газрыг улсын тусгай хамгаалалтанд авах асуудлаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 10.00 цагт нээлттэй хэлэлцүүлэг болох бөгөөд энэ хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, ЕТГ, БОЯ, УИХ-ын Өргөдлийн байнгын хороо, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнийн ажлын алба, Гурвантэс сумын ИТХ, ЗДТГ, тус сумын Тост багийн малчдын төлөөлөл, Ирвэс хамгаалах сан, хэвлэл мэдээллийн байгууллагууд нээлттэй оролцоно.
- 11.00 цагаас Монгол түмний их бичгийн хүн, соён гэгээрүүлэгч академич Бямбын Ринчений мэндэлсний 110 жилийн ойд зориулсан олон улсын эрдэм шинжилгээний хурал болон бусад ёслолын арга хэмжээний талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгээс Монголньюс мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
- 11.30 цагаас “Гандантэгчинлэн” хийд, Монголын сүсэгтний холбооноос Зулын 25 буюу Богд ламын их дүйчин өдөрт зориулж “Сэтгэлийн ариуслаас нийгмийн хөгжил” сэдэвт буян номын үйл ажиллагаа зохион байгуулах талаар Монголньюс мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
- Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургууль дээр шилдэг оюутан залууст хоёр жил хүртэлх тэтгэлэг өгөх арга хэмжээ 12.30 цагаас эхэлнэ. ШУТИС-ийн удирдах зөвлөлийн дарга Ц.Буянцогтоо, Ректор Б.Очирбат, ЭХС-ийн захирал Мангалжалав зэрэг хамтрагч байгууллагуудын удирдлагууд оролцоно.
- Гадаад хэргийн яам Дипломат академиас "Конрад Аденауэр"-ийн сантай хамтран 10.00-15.00 цагийн хооронд “АСЕМ ба Монгол” сэдэвт семинар зохион байгуулна.
- Уран бүтээлч Х.Сэргэлэнбатын "ГЭГЭЭН ЭГШИН" ховор ан амьтан, ургамал, тусгай хамгаалалтын газар нутгийн гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд 12.00 цагаас нээлтээ хийх юм байна.
- Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Уул уурхайн яам, Швейцарийн хөгжлийн агентлагийн Тогтвортой бичил уурхай төсөл хамтран Бичил уурхай эрхлэгчдийн нийгмийн хамгаалал, нийгмийн халамж, үйлчилгээ, хүүхэд гэр бүлийн хөгжлийн асуудал, тэдэнд тулгамдаж буй бэрхшээл, түүнийг шийдвэрлэх арга зам, шийдэл, бичил уурхайн эрх зүйн орчныг боловсронгуй болгох зэрэг олон асуудлыг хэлэлцэх “Бичил уурхайг албажуулах замаар бичил уурхайчдын нийгмийн хамгааллыг сайжруулах нь” сэдэвт Үндэсний чуулган 09.30 цагт Чингис зочид буудалд болно.
- Энэ өдөр дэлхийн түүхэнд: Өнөөдөр бол боолчлолыг устгах олон улсын өдөр
- Америкийн алдарт дуучин, бүжигчин, жүжигчин Britney Spears 1981 оны энэ өдөр мэндэлжээ.
- Америкийн алдарт сагсчид болох ихэр ах дүүс Jarron Collins, Jason Collins нар 1978 оны энэ өдөр мэндэлжээ.
- Өмнөд Солонгосын алдарт Big bang, 2NE1, PSY зэрэг алдартнуудыг төрөн гаргасан YG энтертайнментийн үүсгэн байгуулагч, захирал Yang Hyun Suk 1969 оны энэ өдөр төржээ.
- 1991 онд Канад болон Польш улс Украйныг Зөвлөлт Холбоот улсаас тусгаарлаж, бие даасан улс болохыг зөвшөөрсөн анхны орон болжээ.
- 1988 онд Benazir Bhutto Пакистаны ерөнхий сайдаар сонгогдож, Исламын шашинтай улсын анхны эмэгтэй ерөнхий сайд болжээ.
- 1970 онд АНУ-ын Байгаль орчныг хамгаалах агентлаг үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ.
- 1804 онд Напелеон Бонапарт Парисын Нотр Дамын сүмд өөрийгөө Францын эзэн хаанаар өргөмжилжээ.