ХХААЯ, “Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллага, Говь-Алтай аймгийн нутгийн зөвлөл хамтран “Их говийн тэмээний баяр 2015” баруун бүсийн тэмээчдийн наадмыг энэ сарын 27-29-нд Говь-Алтай аймгийн төвд зохион байгуулжээ. Монгол Улсын үндэсний баялаг таван хошуу малын манлай эрдэнэ болсон тэмээн сүргийнхээ үүлдэр угсааг сайжруулах, тоо толгойг өсгөх, говийн малчдынхаа туршлагыг солилцуулах, тэмээн соёлыг олон нийтэд сурталчлах, тэмээчдээ алдаршуулах, тэдний ажил үйлсийг урамшуулах нь уг наадмын зорилго аж. 2005 оноос эхлэн УИХ-ын гишүүн, “Алтайн хөгжил XXI зуун” төрийн бус байгууллагын хүндэт тэргүүн Ц.Дашдорж энэ наадмыг санаачлан, ивээн тэтгэж явуулсан бөгөөд 10 дахь удаагийн “Их говийн тэмээний баяр”-ыг ХХААЯ хамтран зохион байгуулж, тэмээ бүхий аймгуудыг оролцуулан Баруун бүсийн тэмээчдийн зөвлөгөөн зохион байгуулснаараа өргөн цар хүрээтэй, ач холбогдол өндөртэй үйл ажиллагаа болж чаджээ.
Говь-Алтай, Ховд, Өмнөговь, Баянхонгор аймгийн 400 гаруй тэмээчин, 600 гаруй тэмээ оролцсон Их наадам Монгол улсын 17 дахь Ерөнхий сайд асан, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн П.Жасрай агсаны гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлснээр эхэлсэн. Мөн энэ үеэр 600 тэмээ бүхий говь нутгийн ахуй амьдрал, зан заншил, хувцас хэрэглэл, соёлыг илтгэн харуулсан өвөрмөц онцлогтой парад жагсаж, наадамчин олноо баясгажээ.
Их наадмын үеэр шилдэг тэмээчид зөвлөлдөж, сайхан тэмээтэй ганган хосууд гоёл чимэглэлээ гайхуулж, тэмээчдийн буухиа уралдаж, сүрлэг ат, өхөөрдөм хөөрхөн торомнууд уралдаж мөн говь нутгийнхан маань тэмээ, тэмээчин, говь нутгаа магтан дуулж, баялаг бүтээгчид “Алтайгаа хамтдаа хөгжүүлье” сэдэвт тэмээний гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үзэсгэлэнгээ толилуулж, урчууд маань ганган хэрэглэл, уран хийцээ олон түмэндээ дэлгэн үзүүлсэн. Мөн үржлийн шилмэл ингэ, буур шалгаруулалт, буйл зорох, бурантаг томох, тэмээчдийн бухиа зэрэг тэмцээн явагдлаа. Энэ үеэр тэмээн сүргийнхээ тоо толгойг өсгөж, ашиг шимийг нэмэгдүүлэн амжилттай ажиллаж байгаа тэмээчин Ж.Төмөрбат, Б.Занданхүү, Д.Батчулуун, Ю.Тогтох, В.Хадбаатар нарыг Хүнс, хөдөө аж ахуйн тэргүүний ажилтан цол тэмдгээр, тэмээчин Н.Гомбыг хүндэт жуух бичгээр шагнаж урамшуулсныг УИХ-ын гишүүн Ц.Дашдорж, ХХААЯ-ны ахлах мэргэжилтэн Я.Алтангэрэл, МХЕГ-ын дарга Ш.Раднаасэд нар гардууллаа.
“Сайхан тэмээтэй ганган хос”-ын тэмцээнд 25 хос оролцсоноос Говь-Алтай аймгийн Чандмань сумын Д.Эрдэнэтуул, Д.Төгсбилэг, Эрдэнэ сумын Ж.Банзрагч, Л.Бүрэнтуяа, Шарга сумын Ш.Болдбаатар, Долгоржав нар шилдгээр шалгарлаа. Наадмын "Шилмэл буур" шалгаруулах тэмцээнд нийт 22 буур оролцож, Нэгдүгээр байранд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Н.Нямсүрэнгийн долоон настай улаан, хоёрдугаар байранд Төгрөг сумын В.Хадбаатарын зургаан настай хар, гуравдугаар байранд Есөнбулаг сумын А.Энхбаатарын нар шалгарсан.
Их наадмын “Шилмэл буур” шалгаруулах тэмцээнд нийт 22 буур оролцсоноос нэгдүгээр байранд Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын Н.Нямсүрэнгийн долоон настай улаан, хоёрдугаар байранд Төгрөг сумын В.Хадбаатарын 6 настай хар, гуравдугаар байранд Есөнбулаг сумын А.Энхбаатарын долоон настай улаан, тусгай байранд Бигэр сумын Д.Мөнхдалайн найман настай хүрэн, Чандмань сумын А.Эрдэнэбатын найман настай шар буур тус тус шалгарлаа. Харин “Шилмэл ингэ” шалгаруулалтад Говь-Алтай аймгийн Цээл сумын С.Лхагваагийн 10 настай хөх, Халиун сумын Л.Энхтөрийн долоон настай хар, Бигэр сумын Ч.Отгондэлэгийн таван настай шар ингэ алт, мөнгө, хүрэл медалийг хүртжээ.
Тэнгэрийн хүлэг тэмээн сүргээ цэнгүүлсэн Их наадмын хамгийн сонирхолтой арга хэмжээний нэг нь “Хурдан ат”, “Хурдан тором”-ны уралдаан байжээ. Атны уралдаанд Говь-Алтай, Ховд, Баянхонгор, Өмнөговь аймгийн нийт 124 ат 12 километр замд уралдаж, шилмэл хурдууд тодорсон байна. Хурдан атаар Өмнөговь аймгийн Сэврэй сумын Г.Орхончулууны хөх ат шалгарсан бол мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Б.Өлзийсайханы бор, Хүрмэн сумын Т.Ганбатын улаан атнууд удаах байранд шалгарч наадамчин олноо баясгасан. Харин Говь-Алтай аймгийн Шарга сумын Т.Тайвангийн хар хурдан торомоор тодорч, Чандмань сумын Д.Гүнчингийн улаан, Есөнбулаг сумын М.Чинбатын хар тором удаалжээ.
Их наадмын хамгийн торгон мөч нь “Шилдгийн шилдэг тэмээчин”-д 10 лангийн мөнгөн буйл, Хүндэт өргөмжлөл гардуулах ёслолын ажиллагаа байсан юм. Энэхүү хүндтэй шагналын эзнээр тэмээгээ жил дарааллан тогтвортой өсгөн 520 толгойд хүргэсэн, түүний ашиг шимийг нь нэмэгдүүлэхийн зэрэгцээ тэмээ маллагааны арвин туршлагаа малчид, хойч үедээ сурган өвлүүлж чадсан Говь-Алтай аймгийн Шарга сумын тэмээчин Аймгийн сайн малчин Б.Дашмягмар тодорч шагналаа гардан авсан аж.
“Их говийн тэмээний баяр 2015” Баруун бүсийн тэмээчдийн Их наадмын 12 төрлийн уралдаанд нийт дөрвөн аймгийн 24 сумын 400 гаруй тэмээчин оролцож, хурд хүч авхаалж, самбаагаараа өрсөлдснөөс багийн дүнгээр Говь-Алтай аймгийн Шарга сум тэргүүлж, шилдгээр шалгарчээ.