Монголын залуучуудын холбооны дэргэдэх Залуучуудын хөдөлмөрийн төв бирж өнгөрсөн сарын 27-нд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд Өвөрхангай аймгийн хөдөлмөрийн хэлтэс, Өвөрхангай аймгийн Залуучуудын Холбоотой хамтран “Ажилтай Орлоготой Өвөрхангайн залуус” өдөрлөг зохион байгуулжээ. Энэ үеэр ажилгүй залуучуудтай уулзах, Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох сургалт зөвлөгөө, ахлах ангийн сурагчдад мэргэжлээ зөв сонгох талаар зөвлөгөө өгөх, бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэлтэй залуучуудыг бүртгэх, “Илгээлтийн эзэд-2” хөтөлбөрийг танилцуулах зэрэг үйл ажиллагаа явуулжээ. Тус аймгийн Хөдөлмөрийн хэлтэст энэ оны байдлаар 1200 орчим ажил хайгч иргэд бүртгэлтэй байна. Өвөрхангайн залуучууд маань бүтээн байгуулалтын салбарт ажиллах хүсэл эрмэлзэл их байсан бөгөөд хурдан ажилдаа орж ажиллахыг хүсч байгаа талаараа дурджээ. Олонх нь зам, барилгын салбарт ажиллах хүсэлтэй залуучууд байсан бөгөөд дунджаар 25-40 насны залуус байлаа. Бүтээн байгуулалтад 100 гаруй залуучууд, байнгын ажилд 30 орчим залуучууд бүртгэгдсэн ба ахлах ангийн зургаан бүлгийн 170 гаруй сурагчдад мэргэжлээ хэрхэн зөв сонгож чадварлаг боловсон хүчин болох талаар Залуучуудын Хөдөлмөрийн Төв Биржийн сургалт хариуцсан мэргэжилтэн З.Отгонзаяа сонирхолтой лекц тавьсан юм. Мөн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Ж.Довдон “Бүтээн байгуулалт 2016” болон МЗХ-ноос хэрэгжүүлэхээр бэлтгэж буй “Илгээлтийн эзэд-2” хөтөлбөрийг танилцуулжээ.