Сирид “Исламын улс” алан хядах бүлэглэлийн эсрэг ажиллагаанд Английн Агаарын цэргийн хүчнийг оролцуулах өөрийнх нь санаачилгад Парламент хариулт өгнө гэж Их Британийн Ерөнхий сайд Дэвид Кэмерон саяны даваа гаригт зарлав. Дэмжих нь илт болсон үед л саналаа ард түмний элч нарт өргөн барина хэмээн урьд нь тэрбээр хэлж байсан юм.Тэгтэл Лейборист намын тэргүүн, Английг Сири дэх байлдааны ажиллагаанд оролцуулахыг тууштай эсэргүүцэгч Жереми Корбин энэ асуудлаар Парламентад ядаж хоёр өдрийн хэлэлцүүлэг явуулахыг санал болгов. Ийм шийдвэрийг Парламентад хэлэлцүүлэг, мэтгэлцээн өрнүүлэхгүйгээр гаргаж болохгүй гэж тэрбээр үзэж буй аж.
Сайд нарын “сүүдрийн” танхим Корбины байр суурийг дэмжиж байна. Гэхдээ Ерөнхий сайд Кэмерон “Исламын улс”-ын эсрэг хийх тэмцлийн стратегийн талаар Парламентынхаа гишүүдийн асуултад урьд нь нэгэнт хариулчихсан тул одоо хэлэлцүүлэг явууллаа ч Парламент дахь хүчний харьцааг өөрчилж чадах нь юу л бол. Парламент хэрэв нааштай шийдвэр гаргавал лалын дайчдын байрлалд өгөх цохилтыг даруй эхлүүлэхээр төлөвлөж буй аж.“Исламын улс” хэмээх алан хядах бүлэглэл Ирак, Сирийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд суннитийн 11 эрс үзэлт бүлэг нэгдэж 2006 оны аравдугаар сарын 15-нд үүсэн бий болгосон. Иракт Америкийн цэргүүдийг орж ирэхэд сөрөн тулалдаж, Сирид Башар Асадын Засгийн газрын хүчтэй байлдаж байсан дайчид энэ бүлэглэлийн “яс мод” нь болж буй юм. Тус бүлэглэлийг алан хядагч байгууллага гэж АНУ, Канад, Англи, Австрали, Турк, Египет, Арабын нэгдсэн Эмират, Энэтхэг, Индонез, Орос улсууд үздэг.