Францын нийслэл Парис хотод болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх НҮБ-ын суурь конвенцийн талуудын бага хурлын төр, засгийн тэргүүн нарын хуралдаанд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж оролцож буй.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчид Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн тахилгат газар нутгийг дэлхийн өвд бүртгэсэн батламж бичгийг ЮНЕСКО-гийн ерөнхий захирал И.Бокова гардуулжээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2010 онд Бурхан халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутгийн байгаль болон соёлын хосгүй гайхамшигт үнэ цэнийг тодорхойлж, дэлхийн өвд бүртгүүлэх зарлиг гаргасан билээ.
Батламж бичиг хүлээн авах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч дэлхийн өвд бүртгэлтэй хадны сүг зургийг хамгаалах чиглэлээр ийм өв бүхий 27 улстай хамтран ажиллах, бэлчээрийн мал аж ахуйг биет бус соёлын өвд бүртгүүлэх зэрэг саналыг тус байгууллагын удирдлагад тавьж, ажил хэрэг болгох талаар тохиролцсон юм.