Монголчуудын уламжлалт өв соёлын нэг ингэнд ботго авахуулах зан үйл буюу ингэ хөөслөхийг ЮНЕСКО-гийн яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэжээ. Энэ зан үйл мартагдах шахаж байгааг нутгийн малчид болон эрдэмтэн судлаачид байнга сануулдаг байсан юм.
Тэгвэл өчигдөр болсон хуралдаанаар энэ зан үйлийг жагсаалтад бүртгэж, хамгаалж, мартуулахгүй өвлүүлэх тал дээр анхааран ажиллах хэрэгтэйг баталлаа.
Өмнө нь 2009 онд монгол тууль, цуур хөгжмийн уламжлалт урлаг, бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг, 2011 онд монгол лимбэчдийн уртын дуу хөгжимдөх уламжлалт арга барил болох битүү амьсгаа, 2013 онд монгол уран бичлэгийг яаралтай хамгаалах соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэж байсан юм.
Намиби улсын нийслэл Виндхук хотноо Соёлын биет бус өвийг хамгаалах ЮНЕСКО-гийн Засгийн газар хоорондын хорооны ээлжит Х хуралдаан болж буй билээ. Арванхоёрдугаар сарын 4 хүртэл үргэлжлэх эл хуралдаанд Монгол Улсыг төлөөлөн ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссийн төлөөлөгчид оролцож байгаа юм. Монгол Улс нь ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн Засгийн газар хоорондын удирдах хорооны гишүүнээр 2013 оноос сонгогдон ажиллаж байна.
Өчигдрийн хуралдаанаар ЮНЕСКО-гийн "Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өв"-ийн жагсаалтад Монгол Улсаас нэр дэвшүүлсэн “Ботго авахуулах зан үйл” нь удирдах хорооны 24 орны гаргасан шийдвэрээр санал нэгтэйгээр батлагдан бүртгэгдлээ.