Замын-Үүд дэх гаалийн газрынхан дахиад л хэрэгт холбогдсон тухай мэдээлэл өчигдөр бидэнд ирлээ. Тус боомтын гаальчид өмнөд хөршөөс ДГО улсын дугаартай УАЗ-469 маркийн автомашинд нууц оруулж ирсэн 130 гаруй гар утсыг шалгаж, бүрдүүлэлт хийлгүй нэвтрүүлсэнийг тус боомт дахь тагнуулын ажилтнууд илрүүлсэн гэнэ. Энэ талаар тагнуулын байгууллагын эх сурвалж “Ийм хэрэг гарсан нь үнэн. Шалгалт дөнгөж эхэлж байгаа учраас мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн бол гаалийн байгууллагын эх сурвалж “Их хэмжээний гар утас бүрдүүлэлт хийлгэлгүй нэвтрүүлэх гэж байсныг тагнуулынхантай хамтран илрүүлж хэрэг бүртгэлт хийж байна” гэлээ.
Үүнээс өмнө Замын-Үүдийн гаалийн газрын улсын ахлах байцаагч С.Насанбат тэргүүтэй дөрвөн хүнийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтэст авлигын хэрэгт холбогдуулан шалгаж эхэлсэн. Түүний дараа буюу өнгөрсөн долоо хоногт ГЕГ-ын хоёр ч албан тушаалтанд АТГ-ынхан эрүүгийн хэрэг үүсгээд байгаа. Уг нь авлига, албан тушаалын хэрэгт холбогдсон байцаагчдаа албан тушаалаас нь түдгэлзүүлж байж шалгуулдаг журам тогтсон аж. Харамсалтай нь сүүлийн үед шалгуулж байгаа хүмүүсээ ГЕГ-ын дарга нь ажлаас нь түдгэлзүүлэхгүй байгаа талаар ГЕГ-ын эх сурвалжууд бидэнд мэдээллээ.