Идлэг шонхор шувууг Монгол төрийн бахархалт шувуугаар зарлан, 2013 онд Засгийн газрын 15 дугаар тогтоолоор таван жилийн хугацаанд хилээр гаргахыг хориглосон. Гэтэл төрийн бахархалт шувууг арабууд ихээр барьж зугаацсаар байгаа гэхэд хилсдэхгүй. Энэ нь Монгол, Катарын хооронд соёлын зориулалтаар өндөр дээд хэмжээний уулзалтын хүрээнд шонхор барих зөвшөөрөл олгодогтой холбоотой. Үүний хүрээнд энэ онд 35 идлэг шонхор барих тусгай зөвшөөрөл БОНХАЖЯ-наас олгосон байдаг ч арабууд бараг 100-гаад шонхор барьж, заримыг нь хууль бусаар хил давуулах гэж байгаад баригдсан юм.
35 шонхрын зөвшөөрөлтэй катарчууд 61 шонхор барьж, Сонгинохайрхан дүүргийн нутаг, Баруунтуруун дахь отогтоо аргамжсан байсныг өнгөрсөн аравдугаар сард НМХГ, цагдаагийн байгууллагынхан илрүүлсэн билээ. Энэ отгийг мөнөөхөн бидний эчнээ танил болсон, Хэвлэх үйлдвэрийн барилга, газрыг 24 тэрбумаар аваад байгаа Абдул Карим ахалж байсан билээ. Энэ асуудалд холбогдох хууль хяналтын байгууллагынхан эрүүгийн хэрэг үүсгэн шалгахаар болж хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байтал прокурорын байгууллагаас татаж хянаад хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэжээ. Үндэслэл нь арабууд тусгай зөвшөөрөлтэй байсан учир гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй гэж үзсэн гэнэ. Цагдаагийн байгууллага шалгаж эхэлж байтал арабууд БОНХАЖЯ-наас тусгай зөвшөөрөл нөхөж авчирч өгсөнийг нь прокурор үндэслэл болгосон байгаа юм. Тэгэхээр төрийн бахархалт 35 шувуу бус, 40 гаруйг хил давуулах зөвшөөрөл энэ жил яам олгосон болж таарах нь. Эх сурвалжууд “10 гаруй шонхор нэмж барих тусгай зөвшөөрөл арабууд нөхөж авчирч өгсөн” хэмээж байгаа юм.
Түүнээс гадна Сэлэнгэ аймгийн харьяат хоёр залуу, Украины иргэн А гэгчтэй хамтран 47 шонхор хил гаргахаар, тэр дундаа хил гаалийн хараа хяналт сул гэж үзсэн Хөвсгөл аймаг руу аваачиж, Ханх сумын иргэн Н-ын байшингийн дээврийн хонгилд нууж байгаад баригдсан. Уг хэргийг хилчид илрүүлэн цагдаагийн байгууллагад шилжүүлэхээр болж байсан ч Тагнуулын ерөнхий газраас очсон хэсэн хүмүүс шилжүүлэн авсан гэнэ. Гэтэл өнөөдөр уг хэргийг хэрхсэн нь тодорхойгүй сар гаруйн хугацаа өнгөрч байгаа юм. Тагнуулынхан авч шалгасан хэргээ “нууц” нэрийн дор дарсаар алга болгодог нь гэм биш, зан. Тийм ч учраас арабуудын гал хөлийн үзүүрт зарагдсан Украины иргэний хэрэг бас замхрахад нэг их гайхах хэрэггүй гэдгийг эх сурвалжууд хэлж байна.