“Ард” санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн газрыг хөрөнгө босгон худалдаж авах санал гаргасан. Тодруулбал, “1000 залуу нэгдэж, тус бүр нэг сая төгрөг гаргаж газар худалдаж авах боломжтой” гэж байсан ч, хэвлэх үйлдвэрийн барилгыг 24 тэрбум төгрөгөөр зарсан юм. Үүнтэй холбогдуулан Ч.Ганхуяг өчигдөр мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Залуус нэгдэж газартай болох санал гаргасны дараа олон хүн мөнгө шилжүүлсэн. Гэвч хугацаа давчуу байснаас болоод бид дуудлага худалдаанд оролцож амжаагүй.
Тиймээс мөнгө шилжүүлсэн хүмүүст түүнийг нь буцаан олгох ажил эхлүүлсэн. Ямартай ч нэгдсэн залуустаа баярлалаа. “Ард” санхүүгийн нэгдэл тэдний мөнгийг буцааж өгөхдөө гүйлгээний хөлсийг нь төлөхийн зэрэгцээ хүн бүрт 20 хувьцааг өгнө” гэв.
Дуудлага худалдааны талаарх түүний байр суурийг сонирхлоо.
-Хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдан авах сонирхолтой хэдэн хүн мөнгө шилжүүлсэн бол?
-Яг нарийн тоо хэлээд дэмий байх. Гэхдээ л төсөөлж байснаас олон хүн шилжүүлсэн.
-Хэрэв дуудлага худалдаанд оролцсон бол барилгыг худалдан авч чадах байсан уу?
-Чадахгүй байсан. Гэхдээ энэ удаа бид олны санаачилгаар хувьчлалд оролцох боломжтой гэдгийг баталж харууллаа.
-Үйлдвэрийн барилгыг Монгол Улсын иргэншилтэй гадаад хүн авлаа. Энэ талаар ямар байр суурьтай байна вэ?
-Хувьчлал амжилттай болсон. Харин тэр хүн ямар учиртай, эд хөрөнгө худалдан авсан мөнгө нь хаанаас орж ирсэн бэ гэдгийг холбогдох байгууллага нь судлах ёстой. “Буруу гарын” эх үүсвэртэй мөнгийг төр авчихвал асуудал үүснэ.
Нэгэнт тэр хүн ялалт байгуулсан учраас газар дээрээ барилга барих байх. Нийслэл хотын төвд байгаа газарт үндэсний онцлогийг харуулсан бүтээн байгуулалт хийгээсэй гэж хүсэх байна.
Г.ЦЭЦЭГ