Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд Улсын Их Хурлын гишүүн М.Сономпилийг 50 нас хүрч буйтай нь холбогдуулан өнөөдөр уламжлалт ёсоор хүлээн авч уулзаж, мөнгөн аяга, хадаг гардуулав.
Улсын Их Хурлын гишүүн М.Сономпил 2004-2008 онд УИХ-ын гишүүн, 2006-2008 онд Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд ажиллажээ. 2012 оны зургаа дахь удаагийн сонгуулиар УИХ-ын гишүүнээр дахин сонгогдон, 2012-2014 онд Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайдаар ажилласан байна.
Тэрээр 1965 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн ч 14 настайгаасаа Дархан хотын уугуул иргэн болж, 1988 онд Цэргийн нэгдсэн дээд сургуулийг Ерөнхий цэргийн командын хуягт машины ашиглалтын инженер мэргэжлээр төгсчээ. Түүний АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт нэг тэрбум орчим төгрөгийн хөрөнгөтэй гэж бичжээ. Өөрийн жилийн орлого нь хоёр сая 508 мянган төгрөг буюу УИХ-ын гишүүний цалингийн орлоготой гэсэн байна. Харин гэр бүлийнх нь хүн 31 сая төгрөг жилд олдог аж.