Швейцарийн “Victorinox” компаниас зарласан олон улсын хутганы загварын уралдаанд Канадын Монреаль хотод амьдардаг зураач, загвар зохион бүтээгч Б.Эрдэнэчимэгийн бүтээл түрүүлжээ.
1024 бүтээлээс эхний шатанд 40-ийг нь шалгаруулан, олон нийтэд зарласан бол хоёрдугаар шат нь цахим санал асуулгаар үргэлжилжээ. Шилдгийн шилдэг загвартай 10 хутга шалгаруулах зорилготой эл санал асуулгад монгол бүсгүйн бүтээл тасархай тэргүүлсэн байна.
Ингэснээр “Victorinox” компани ирэх оны тавдугаар сараас түүний бүтээлийг цөөн хувиар үйлдвэрлэж, өндөр үнээр худалдах юм байна. Түүний “Rainforest walk” хэмээх аяны зориулалттай хутга байгалийн холбогдолтой зурган чимэглэлтэй байсан нь шүүгчдээс өндөр үнэлгээ авчээ.
Гэр ахуйн бүтээгдэхүүн тэр дундаа хутга үйлдвэрлэлээр дэлхийд алдартай тус компани эл уралдаанаа жил бүр зохион байгуулдаг бөгөөд олон орны уран бүтээлчид өрсөлддөг учир нэлээд нэр хүндтэйд тооцогддог юм байна.
Ж.СУВДМАА