Хар тамхи нэртэй цагаан тахалд монголчууд нэрвэгдэж, хайран сайхан ирээдүйгээ зарим залуус хорт мананд төөрүүлж байна. Түүх сөхөхөд олон ч эх сурвалжид хар тамхи гээчийг монголчуудад зааж сургасан хүмүүс нь хөршүүд маань, тэр дундаа өмнөд их айлынхан буруутай гэх баримт байдаг.
Мансууруулах бодисын хэрэглээгээрээ дэлхийд толгой цохидог орнуудын нэг өмнөд хөршийн мафийнхны гар хөлд зарагдан манай залуус хар тамхи зөөсөн хэрэгт холбогдож цаазын ял сонссон нь ч бий.
Харин Монголд энэ төрлийн хэрэгт холбогдогчид өмнөд хөршөөс “мөс” хэмээх нэг төрлийн бодис олж, авч хэрэглэхээс гадна зун, намартаа каннабис түүж, боловсруулах нь ч байдаг.
Монголын зарим залууст өвс яаж хэрэглэхийг заадаг байж болзошгүй Дима нэрээрээ мансууруулах бодис хэрэглэгчдийн дунд танигдсан Дмитрий Николаевич Уткиныг өөр олон залуусын хамт өнгөрсөн хавар ЭЦГ-ын Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх хэлтсийнхэн баривчлан, хэрэг үүсгэн шалгасан юм.
Монгол залууст багшилсан байж болзошгүй Димагийн хэргийг Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэн ял шийтгэсэн юм. Уг хэргийн талаар уншигчдадаа хүргэе.
Д.УТКИН: БИ ГЭРТЭЭ ХҮНИЙ ХАДГАЛУУЛСАН ӨВС БАЙЛГАСАН
Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх чиглэлээр ЭЦГ-ын хариуцсан албаныхан удаа дараа тусгай ажиллагаа явуулж, бэлтгэгч, худалдагч, худалдан авагчийг нь олж шалгах нэгэн ажиллагааны үеэр эртнээс хууль хяналтын байгууллагынхны хараанд өртсөн Дмитрий Николаевич Уткин гэх орос эрийг шалгах болжээ.
Улмаар өнгөрсөн тавдугаар сарын 29-нд Баянгол дүүрэг дэх гэрт нь нэгжлэг хийж, гялгар ууттай бор шаргал өнгөтэй, хатаасан, зургаа орчим кг ургамал, будаа агшаагчны саванд хийсэн дээрх ургамлын хэсэг зэргийг эд мөрийн баримтаар хураан авсан аж.
Мэдээж цагдаагийн үзлэг нэгжлэгийн ажиллагаа хөндлөнгийн гэрчийг оролцуулан хийдэг. Энэ ажиллагаанд ч хөндлөнгийн гэрчийг оролцуулан нэгжлэг хийхийн зэрэгцээ сэжигтний цус, шээснээс нь дээж авчээ. Шээсийг шинжлэхэд эерэг дүнтэй гарсан нь мансууруулах бодис хэрэглэдгийг дохио байж.
Тиймээс цагдаагийнхан нарийвчилсан шинжилгээг Шүүхийн шинжилгээний үндсэний хүрээлэн (ШШҮХ) болон Гаалийн төв лабораторийн мэргэжилтнүүдээр хийлгэсэн аж.

ШШҮХ-гийн шинжээчийн 5093 дугаартай дүгнэлт “Шинжилгээнд ирүүлсэн Дмитрий Николаевич Уткины гэх шээсэнд метамфетамин (МАМР) илрэв. Метамфетамин (МАМР) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодис”-ын тухай конвенцын жагсаалтад багтдаг болно” гэжээ.
Дима мансууруулах бодис хэрэглэдгээ хүлээн зөвшөөрсөн ч, гэрээс нь олдсон каннабисыг “Минийх биш” хэмээжээ. Энэ талаар уг нь мөрдөн байцаалтад “2015 оны нэгдүгээр сард Улаанбаатараас Дархан-Уул аймаг руу явах замдаа сонирхлын үүднээс өвс түүж авсан.
Манай улсад түүнийг “канопля” гэж нэрлэдэг. Түүнийг татаж хэрэглэж мэднэ. Хамт явж байсан Саша найз маань нэг уутыг, нөгөөг нь би түүсэн” гэж мэдүүлсэн байгаа юм.
Харин шүүх хурлын үеэр “Надад сонсгосон Эрүүгийн хуулийн 192.3.4 гэсэн зүйл ангийг би зөвшөөрөхгүй. Би өөр хүний хадгалуулсан өвсийг түр хадгалж байсан. Манай гэрт үзлэг хийгээд цагдаагийнхан олж авсан юм биш, харин би тэдэнд өөрөө гаргаж өгсөн. Дээрх зүйл ангид заасан гэмт хэргийг нотлох баримт хавтас хэрэгт байхгүй.
Каннабис борлуулсан гэдгийг нотлохын тулд тодорхой ажиллагаа явуулсан байх ёстой, энэ зүйлчлэл тохироогүй тул Эрүүгийн хуулийн 192.1 болгож зүйлчилж өгнө үү.
Би өмнө нь нутагтаа ял шийтгүүлж байсан ч, ялтайд тооцогдох хугацаа дууссаныг, хоёр сартай нялх хүүхэдтэй болохыг минь харгалзан надад хөнгөн ял оноохыг хүсье” хэмээсэн юм.
Хэдийгээр Монгол залууст мансууруулах бодис хэрэглэхийг заасан байж болзошгүй гэсэн хардлага байсан ч хавтаст хэрэгт байгаа баримтад түүнийг “багш” гэдгийг нотлох нэг ч үг, өгүүлбэр алга.
Гэхдээ шинжээч Б.Ламчин шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгт “Уг ургамлыг жигнэж хэрэглэх боломжтой. Ийм аргаар өвсийг чийглэг болгож, хооронд нь барьцалдуулж байж болох юм” гэжээ.
Тэгэхээр ямар ч байсан мансууруулах бодис боловсруулах нэг аргыг амьдралд хэрэглэдэг байсан нь тодорхой байгаа юм.
ХӨӨГДӨЖ ГАРСАН ЭР НУУЦААР МОНГОЛД АМЬДАРЧ БАЙЖЭЭ
Димаг манай хууль хяналтын байгууллагынхан шалгахдаа бүхий л түүхийг нь сайтар онгичжээ. Тэрбээр 2005 оны тавдугаар сарын 29-нөөс 2008 оны арванхоёрдугаар сарын 4 хүртэл гурван жилийн хугацаатай “Алтан дорнод Монгол” ХХК-д ажиллахаар ирсэн бөгөөд тухайн үед ид мандаж байсан тус компанийн нэр дээр оршин суух зөвшөөрөл авсан байна.
Манай улсад түр оршин суух хугацаа нь дууссан ч тэрбээр 2009 оны арванхоёрдугаар сар хүртэл хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суух зөвшөөрөл авч амьдарч байгаад 2010 оны дөрөвдүгээр сарын 21-нд Монгол Улсаас албадан гаргажээ.
Гэвч хөөгдөж гарсан орос эр тэр жилдээ эргэж ирэн, өнөөг хүртэл ямар ч зөвшөөрөл, бичиг баримтгүйгээр оршин сууж байсан нь ил болж, түүнд Эрүүгийн хуулийн 240.1-д заасан Гадаадын иргэн, харьяалалгүй хүн Монгол Улсад оршин суух, дамжин өнгөрөх, зорчих журам зөрчсөн гэсэн үндэслэлээр эрүүгийн хэрэг давхар үүсгэсэн аж.
Тэрбээр жирийн нэг эр биш гэдгийг ОХУ-ын Интерполын Үндэсний төв товчооныхон манай талд лавлагаа өгөхдөө тодорхойлжээ. ОХУ-ын Амур мужид 1972 онд төрсөн тэрбээр өөрийн нутагтаа удаа дараа ял шийтгүүлж байжээ.
Тухайлбал, 1991 оны есдүгээр сарын 16-нд ОХУ-ын Эрүүгийн хуучин хуулийн 89.4-т зааснаар улс, олон нийтийн өмчийг хулгайлсан, 1998 оны есдүгээр сарын 21-нд ОХУ-ын Эрүүгийн хуулийн 228.1-т заасан их хэмжээний мансууруулах эм бэлдмэл, сэтгэцэд нөлөөлөх бодис борлуулах зорилгогүйгээр хууль бусаар олж авч хадгалсан, 2002 оны хоёрдугаар сарын 13-нд 158.2, 221.1-т заасан цөмийн материал, цацраг идэвхт бодис хулгайлсан гэсэн зүйл ангид зааснаар ял шийтгүүлж байсан гэнэ.
Ийм нэгэн эр Монголд амьдарч, хар тамхи, мансууруулах бодис олж аван, бэлтгэж борлуулж байсан гэсэн үндэслэлээр хэрэгтний ширээнд суусан юм.
Анхан шатны шүүх Дмитрий Николаевич Уткиныг Монгол Улсад хууль бусаар оршин суусан, мансууруулах бодис борлуулах зорилгоор хууль бусаар олж авсан гэм буруутайд тооцож чанга дэглэмтэй хорих ангид 11 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэжээ.
Г.РАВЖАА