Орон сууц, нийтийн аж ахуйн газрууд ус, дулаан дамжуулах, насосны цахилгааны төлбөр нэрийдлээр айл өрхөөс сар бүр 2000-11000 төгрөг авч байсныг ШӨХТГ тогтоосон. Энэ нь Эрчим хүчний болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн тул тус газрын дарга Т.Аюурсайхан Эрчим хүчний зохицуулах хороонд мэдэгдсэнээр дээрх хууль бус төлбөрийг айл өрхөөс авахгүй байхаар шийдвэрлэжээ. Зөрчил гаргасан орон сууцны нийт 45 конторт уг мэдэгдлийг хүргүүлсэн байна.
Энэ дагуу орон сууцны дөрвөн контор хууль бус төлбөр авахаа зогсоосныг ШӨХТГ мэдээлэв. Харин Баянгол дүүргийн “Богд-Ар” хорооллын 1730 айлаас сар бүр ус, дулаан дамжуулах зардал нэрээр 6000 төгрөг авсаар байгаа “Богд Асар” ХХК-ийнхныг иргэдийг хууран мэхэлж, төөрөгдүүлэх замаар их хэмжээний мөнгө татсан үндэслэлээр ЦЕГ-т хандсаны дагуу энэ үйлдлээ зогсоосон байна. Хамгийн сүүлд Баянгол дүүргийн 3998 айлаас насос цахилгааны зардал гэж 5150 төгрөг хууль бусаар хурааж байсан “Таун комфорт” ХХК-д албан шаардлага хүргүүлснээр энэ үйлдлээ мөн зогсоосон байна.