Өнөөдрөөс эхлэн Улаанбаатар-Эрээн чиглэлд анх удаа том оврын автобус явж эхэллээ.
Энэ автобус 21.00 цагт Улаанбаатараас хөдлөх бөгөөд 12 цаг явж Эрээн хотод хүрэх аж. Харин Эрээнээс 13.00 цагт буцаж хөдлөх юм. Автобусанд хоёр ээлжийн үйлчлэгч ажиллах бол дотроо хөргөгч, 00-ын өрөөтэй.
Тасалбарыг Драгон, Нарантуул, Баянзүрхийн зогсоолын касс болон онлайнаар авч болох бол үнийн хувьд том хүн: 55000 төгрөг, хүүхэд: 27500 төгрөг байх аж. Нэг хүн 15кг даацын 20:60:40 см хэмжээтэй ачааг үнэгүй авч явах боломжтой.
Баянзүрхийн авто зогсоолоос Эрээн рүү хөдлөх энэ автобус замдаа Дорноговь аймгийн Айраг суманд зогсож хоол идээд цаашаа явах бөгөөд "Атибус", "Тэнүүн-Ого", "Эрдэм транс" компани тус бүр гурван автобус явуулж эхэлжээ.
Авто тээврийн үндэсний төвөөс санаачилсан энэ чиглэлийн анхны аялал нэг зорчигчтой явсан бол Атибус компани түүнийг жилийн турш үнэгүй зорчих эрхээр урамшууллаа.
Анхны зорчигч Н.Ганхуяг хувиараа наймаа хийдэг иргэн юм байна.