Арабынханд шонхор барихад нь тусалдаг байж болзошгүй монгол залуусыг тагнуулынхан шалгаж эхэлжээ.
Эх сурвалжуудын мэдээлснээр уржигдар орой хэд хэдэн хүнийг тагнуулынхан саатуулсан гэнэ. Тус газрын албаны хүнээс энэ талаар тодруулахад “Ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэдэг жижүүрийн үгээрээ ам тагласан.
Бидэнд олдсон мэдээллээр Абдул Карим хэмээх Монгол Улсын иргэншилтэй болсон иран эр хотын төвийн газрыг үнэ цохиж авсантай холбоотойгоор хууль хяналтын байгууллагынхан шалгалтаа эрчимжүүлж байгаа бололтой юм.
Түүнээс гадна төрийн бахархалт шувууг барьж, хил гаргадаг өөр нэг бүлгийг ч шалгаж байгаа тухай мэдээлэл байна. Тэр нь “Мари” гэх хочтой казах эмэгтэйн удирддаг шонхор баригч арабуудад зуучилдаг бүлэг гэнэ.
Монголд Абдул Каримын удирдсан бүлэг, “Мари” гэх казах эмэгтэйн бүлэг шонхор барих бизнесийг атгадаг гэдгийг учир мэдэх хүмүүс хэлж байгаа юм.
Уг нь шонхор шувууг төрийн бахархал болгосноос бус нэн ховорт тооцоогүй, барьж агнахыг хориглосон тогтоол гаргаагүй юм байна.
Гэхдээ шонхор баригчдад эд зүйл хууль бусаар хил нэвтрүүлсэн гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж болзошгүй байгаа сурагтай.
Г.РАВЖАА