БСШУЯ Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлдэг төслийн хүрээнд дээд боловсролын салбарыг дэмжих зорилгоор 24 их, дээд сургуульд 3.5 тэрбум төгрөгийн тэтгэлэг олголоо. 2012 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд тус тэтгэлгийг олгож буй юм.
Их, дээд сургуулийн судлаачдын дунд нийгэм, эдийн засаг, байгаль орчинд тулгарч буй асуудлыг шийдвэрлэх арга замын тухай төсөл бичих уралдаан зарлаж, шалгарсан төслүүдийг тэтгэлэгт хамрууллаа.
Дээд боловсролын байгууллагын үйл ажиллагаа, сургалтын чанар, хөгжлийг дэмжих тэтгэлэгт хөтөлбөрт 30 гаруй их, дээд сургууль хамрагдаж, нийт 85 орчим төслийн санал ирүүлснээс есөн сургуулийн 18 төсөл шалгарч, нэг тэрбум 797 сая төгрөг авахаар болжээ.
Түүнчлэн байгалийн ухаан, инженер технологи, хөдөө аж ахуйн чиглэлийн судалгааны чиглэлээр 15 сургуулиас 197 төсөл ирсэн аж. Тэднээс байгалийн ухааны 24, инженер технологийн 25, хөдөө аж ахуйн 11 төсөл шалгарч нэг тэрбум 661 сая төгрөгийн тэтгэлэг авахаар боллоо.
БСШУ-ы сайд Л.Гантөмөр “Манай соёл, шинжлэх ухааны салбарт түүхэн үйл явдал болж байна. Тэтгэлэгт хамрагдсан 78 төслийн ард 1000 гаруй эрдэмтэн, судлаачийн хөдөлмөр оршиж буй.
Энэ төслийн хүрээнд дээд боловсролын чанарыг дэмжих, судалгааны нээлттэй орчин бүрдүүлэх зорилгоор дундын ашиглалттай 12 лаборатори ашиглалтад оруулсан. Уг лабораторийн ашиг тусыг хүртэхэд энэ тэтгэлэгт хөтөлбөрөөс шалгарсан төслүүд их хэрэг болно.
Нэг төсөлд ойролцоогоор 30 гаруй сая төгрөгийн тэтгэлэг олгогдоно. Гэхдээ тухайн төсөл хэр хэмжээний цар хүрээг хамарч буйгаас шалтгаалж үнэд өөрчлөлт орж байгаа” гэв.
Тус тэтгэлэгт МУИС, ШУТИС, АШУҮИС, МУБИС, СУИС, “Отгонтэнгэр” их сургууль, МҮИС, МГТИС, “Улаанбаатар” их сургууль, “Идэр” дээд сургууль, Хүмүүнлэгийн ухааны их сургууль, “Шинэ Монгол” дээд сургууль, “Ховд” их сургуулиуд хамрагдаж чадсан байна.
Дашрамд дурдахад, БСШУЯ уг төсөл, хөтөлбөрүүдийг ирэх хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж, ашиг тусыг нь хүртэхээр төлөвлөж буй гэнэ.
А.ТҮМЭННОМИН