Увс аймгийн Улаангом сумын II цогцолбор сургуулийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Учир нь тус сургуулийн дотуур байрны 43 хүүхэд аймгийнхаа Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт гэдэсний халдварт өвчнөөр өвдөн хэвтэн эмчлүүлж байгаа гэнэ. Өдгөө хүүхдүүдийн бие сайжирч байгаа аж. Тэдний эм, тарианы зардлыг аймгийн онцгой комисс нь гаргаж буй юм байна. II Сургуулийн дотуур байрны 130 гаруй хүүхдэд шинжилгээ хийсэн бөгөөд дахиад 20 гаруй хүүхэд нянгийн халдвар авсан байж болзошгүй гэнэ. Аймгийн Мэргэжлийн хяналтын газар тус дотуур байрны гал тогооноос дээж авч, төв лаборатори руугаа явуулсан бөгөөд хариу нь маргааш гарах аж.
Иймээс Увс аймгийн онцгой комисс хуралдаж, өвчнийг газар авахуулахгүй байх үүднээс II сургуулийг өчигдрөөс эхлэн тав хоног амраахаар болжээ. Мөн тус сургуулийн дэргэдэх цэцэрлэг, бага сургууль ажиллахгүй гэнэ. Тэд энэ сарын 20 хүртэл олон хүүхэд хамарсан олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг аймгийн сургуулийн захирлуудад даалгажээ.