Хөгжлийн бэрхшээлтэй томчуудаас хүүхдүүд хамгийн өрөвдмөөр нь. Тэд бидэн шиг юмны учрыг гүйцэд таниагүй байдаг учраас сэтгэл санаагаар амархан унадаг, үеийнхнийхээ шоолж, муулах хүйтэн харц дальдчин амьдрах нь бий. Цаашлаад тэднийг сургууль, цэцэрлэгт ч авдаггүй. Тусгай сургууль, цэцэрлэг бий ч хүрэлцдэггүй учраас 3000 гаруй хүүхэд гэрийн мухар сахиж байна. Тэгвэл тэднийг хэн нэгнээс айж эмээлгүй тааваараа өдрийг өнгөрүүлж, үеийнхэнтэйгээ тоглож наадах боломжийг Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн дэмжих үйлчилгээний төв олгов. Хүүхдийн төлөө үндэсний газар, Чингэлтэй дүүргийн ЗДТГ хамтраад уг төвийг өнөөдөр нээсэн юм. Тус дүүрэгт зорилтот бүлгийн 500 гаруй хүүхэд байдгаас 17, 18 дугаар хороонд олонх нь амьдардаг тул тэдэнтэй илүү ойр байх үүднээс гэр хороололд энэ төвийг нээжээ. Хүүхдүүд энд хүссэн цагаараа байж сурч боловсорч, өөрийгөө хөгжүүлэх боломжтой. Эднийх хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тохирсон ариун цэврийн өрөө, стандарт нийцсэн тоглоом, алхаж гишгэхэд зориулсан бариултай. Хүүхдүүд болон тэдний ар гэрийнхэнд дэмжих үйлчилгээ үзүүлэхээс гадна сэргээн засах, нийгэмд байр сууриа олоход нь туслах, тэдний талаарх олон нийтийн хандлагыг эерүүлэх сургалт, өдөрлөг байнга зохион байгуулах аж. 100 ам метр талбайтай тус төвийг нээхэд эцэг эхчүүд санхүүгээр дэмжин, өөрсдөө засаж, тохижуулжээ.