УИХ өчигдөр Хамтын тэтгэврийн тухай хуулийг баталлаа. Төслийг нь бараг хоёр жилийн өмнө УИХ-д өргөн мэдүүлсэн энэхүү хуулиар ахмад насны болон цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоолгосон гэр бүлийн хоёрын аль нэг нас барсан тохиолдолд үлдсэнд нь тэтгэврийнх нь тодорхой хувийг олгох боломж олгож буй юм.
Дундаж наслалт багатай манай улсын иргэд тэтгэвэрт гартлаа нийгмийн даатгалын шимтгэл төлж, түүнийхээ үр шимийг төдийлөн хүртэж чадалгүй ертөнцийн мөнх бусыг үзүүлдэг. Үүнийг “Монголчууд 60 настайдаа тэтгэвэрт гарч, 61-тэйдээ үхдэг” гэж ёжлох нь ч бий.
Юутай ч энэ гажуудлыг уян хатнаар зохицуулах зорилготой хуультай болов. Нас барсан иргэний гэр бүлийн хүнд тэтгэврийнх нь хэдэн хувийг олгохыг Засгийн газар тогтоох бөгөөд 20- иос доошгүй байхаар хуульчиллаа.
Үүнд жилд дунджаар 20 гаруй тэрбум төгрөг шаардлагатай хэмээн тооцжээ. Ингэхдээ 15-аас дээш жил хамтран амьдарсан, 20-оос доошгүй жил нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тэтгэврийн насны иргэдийн нэг нь нас барсан тохиолдолд үлдсэнд тэтгэврийнх нь тодорхой хувийг олгох юм.
Мөн хамтын тэтгэвэр авах иргэн тэтгэврийн насанд хүрээгүй бол таван жил хүртэл хугацаагаар хүлээлгэж олгохоор болсон байна.
Үүнээс гадна хэлэлцүүлгийн явцад уг хуулийг 2012 оны нэгдүгээр сарын 1-нээс хойших хугацаанд буцаан хэрэглэх санал дэмжигдээд байсан ч эцсийн хэлэлцүүлгээс хамтын тэтгэвэр олгох хугацааны хамрах хүрээг Засгийн газар тогтоохоор шийдвэрлэлээ. Хамтын тэтгэврийн тухай хууль 2017 оноос хэрэгжинэ.