Төмөр замын цэрэг гэгчийг байгуулах тухай санал иргэд, төрийн түшээдийг хоёр талцуулчихлаа. Нэг хэсэг нь хугацаат цэргийн алба хаагчдыг хий дэмий тэжээж байхаар ийм ажилд оролцуулсан нь дээр гэж буй.
Харин нөгөө хэсэг нь эх орноо хэрэгцээт цагт хамгаалахаар бэлтгэж буй цэргүүдээр хүнд ажил хийлгэлээ гэдэг. Мэдээж энэ бол хоёр талтай асуудал.
УИХ-ын гишүүн Х.Баттулга төмөр зам барих ажилд цэрэг армийг татан оролцуулах талаар төсөл санаачилж, дарга З.Энхболд “балиашиглаад” байгаа.
Харин Улсын баатар Үүл дарга “Сталин, Гитлерийн сүнсийг Х.Баттулга босгож ирж байна” хэмээн эсэргүүцлээ хэвлэлээр илэрхийлэв.
Түүний хэлснээр цэргийн эдийн засаг бий болчихвол хувийн хэвшлийнхэн дампуурна гэдэг ч үнэний ортой.
ЦЭРГҮҮДИЙН ХӨДӨЛМӨРИЙГ МӨЛЖИХ ХУУЛИЙН ЗААЛТЫГ ӨӨРЧЛӨХ СОНИРХОЛ ХЭНД Ч АЛГА
Төмөр замын мэргэжлийн хүмүүс зам тавих далан байгуулна гэдэг хугацаат цэргүүдийн хийдэг ажил биш. Үүнд мэргэжлийн хүмүүс оролцох ёстой. Цэргүүдээр хар ажил хийлгэх нь хэр оновчтой бол. Хар ажил хийлгэж байгаад амь нас, эрүүл мэндээр нь хохироосон асуудал гарсаар байгаа шүү дээ.
Жил, жилийн хавар, намар эгэл жирийн олон айлын, ихэнхдээ нийгмийн ядуу, дунд давхаргынхны 18 насанд хүрсэн идэр залуу хүүхдийг эх орноо хамгаалах үүрэгтэй хэмээн төр засаг дууддаг.
Цэргийн хэргийн анхан шатны мэдлэгийг тайван цагт олж аван, хэрэгтэй цагтаа дуудахад түүнийг нь ашиглуулах гэж ийнхүү сургадаг. Харамсалтай нь, цэрэгт ирсэн залуус Зэвсэгт хүчний тухай хуулийн “Цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэсэн заалтын “золиос” болж хар ажил хийж, амь нас эрүүл мэндээрээ хохирч, цэргийн эрдэмд сурч чадахгүй байх тохиолдол бий гэхэд хилсдэхгүй л болов уу.
Төмөр замын цэрэгтэй болчихвол бүр ч чадахгүй гэсэн үг. Дэлхийн олон орны цэргийн алба хаагчид ангийнхаа хашаан доторх тохижилт засвар үйлчилгээний ажилд оролцох нь бий. Харин ангийн байрлалаас гадуур, хэдэн төгрөгийн төлөө хар ажилд оролцуулдаг зэвсэгт хүчинтэй улс манайхаас өөр байхгүй.

Гадаадын цэргүүд цэргийн эрдэмд сурах, гамшиг, ослын дараах хор уршгийг нь арилгах үйлсэд зүтгэж байгааг олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлдэг. Манайхан шиг цэрэг нь нүүрс ухах, шуудайлах, тариа ногоо хураах, барилга, газар шорооны ажилд хямд ажиллах хүч болж, хар ажил хийсэн нь үгүй.
ХЭҮК-ийнхон цэргүүдийг албадан хөдөлмөр хийлгэж байгааг мэдээлж, “Зэвсэгт хүчний тухай хуулийн “Цэргийн зарим анги, байгууллагыг аж ахуй, бүтээн байгуулалтын ажилд оролцуулж болно” гэсэн заалт нь хугацаат цэргийн алба хаагчдын хөдөлмөрийг мөлжих үндэслэл болж байна.
Уг заалтыг хуулиас хасах хэрэгтэй” гэж байсан. Гэвч энэ хуулийн заалтыг өөрчлөх сонирхол төрийн түшээд, БХЯ, ЗХЖШ-ын удирдах албан тушаалтнуудын хэнд ч алга.
Хугацаат цэргийн алба хаагчдыг дээр дурдсан аливаа ажилд оролцуулахдаа Зэвсэгт хүчний ерөнхий командлагчтай зөвшилцсөний үндсэн дээр ЗХЖШ-ын даргын тушаалаар ажиллуулах хууль журам үйлчилдэг гэх.
Хар ажил хийсний хөлс нь “хуруу, хумсаа хуйхалсан” цэрэгт биш, хариуцсан ангид нь ч бус, ЗХЖШ-ын дансанд ордог. Түүний тал хувийг ангид нь олгодог гэж албаны хүмүүс хэлдэг ч эргэлзээ төрүүлдэг юм.
Цэрэг ажиллуулсны хөлсийг хэрхдэг талаар ЗХЖШ-ынхнаас асуухад “цэргийн нууц” гээд ам таглах нь ойлгомжтой.
“НҮҮРС” ХӨТӨЛБӨР ЦЭРГҮҮДИЙН
ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОЖЭЭ
“Нүүрс” хөтөлбөр нэрээр төрийн, татвар төлөгчдийн мөнгийг завшсан хэрэгт Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх, БОАЖ-ын сайд асан Л.Гансүх нарын гурван хүнд ял шийтгээд байгаа.
Ялтнууд өмгөөлөгчдийнхөө хамтаар Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ хэргийг нь хянаж буй энэ үед шүүхэд нөлөөлөх оролдлого хийж байна уу гэлтэй өмгөөлөгч нь хэвлэлээр янз бүрийн зүйл ярьж байна. Үүнийг шүүгч нар нөлөөллийн мэдүүлэгтээ тусгаж байгаа нь лавтай.
Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөр гэж албан ёсоор баталсан эрх зүйн баримт бичиг байдаггүйг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон.
Энэ тухай Нийслэлийн прокурорын орлогч, хууль цаазын итгэмжит зөвлөх Д.Баянжаргал “Тухайн үед Засгийн газраас “Нүүрс” хөтөлбөр хэрэгжүүлэх талаар албан ёсны шийдвэр цаасан хэлбэрээр гараагүй, энэ ажиллагаа үндсэндээ аман хэлбэрээр явагдсан” хэмээн манай сонины энэ оны аравдугаар сарын 5-ны дугаарт ярилцлага өгөхдөө хэлсэн юм.
Засгийн газрын тогтоол, шийдвэргүй энэ ажлыг хийлгэхдээ эх орондоо тангараг өргөсөн цэргийн алба хаагчдыг ЗХЖШ-ын даргын тушаалаар ажиллуулсныг уншигчид санаж буй биз ээ.
Нүүрс ачиж буулгах, шуудайлах, борлуулах цэгүүдээс орлогын мөнгөө хураан авах ажилд Зэвсэгт хүчний гурван анги, мөн цагдаагийн байгууллагаас алба хаагчид авч шөнө оройн цагаар ч ажиллуулсан байдаг.
“Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн Л.Гансүхийн тойрон хүрээлэгчдийн нэр дээрх компаниуд ЗХЖШ-тай байгуулсан гэрээнийхээ үүргийг биелүүлээгүйгээс цэргүүдийн амь нас, эрүүл мэнд хохирсныг өнөөдөр хэн ч ярихгүй байна.
Хугацаат цэргийн алба хаагчийн амь нас хохирсон, уушгины өвчтэй болсны хариуцлагыг “Эм Жи Эл Эс Би Ди” компанийнхнаас нэхвэл нэг их буруудахгүй л болов уу. “Нүүрс” хөтөлбөр нэрийн дор Зэвсэгт хүчний 013, 015, 120 дугаар ангиас хугацаат цэргийн алба хаагчид дайчлан ажиллуулсан юм.
Энэ үеэр Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч халагдаж ирэхдээ уушгины сүрьеэ өвчтэй болж, үүнийхээ улмаас амиа алдсан талаар ээж нь ЗХЖШ-т хэд хэдэн удаа гомдол мэдүүлээд “бул хар чулуу” мөргөөд буцсан байдаг.
Энэ явдалтай холбогдуулан цэрэгт явсан хөвгүүд нь нүүрс шуудайлж байгаад ар гэрийнхэн нь дургүйцэж ЗХЖШ-т энэ ажлыг болиул хэмээн шаардсан аж. Тэдний тавьсан зүй ёсны шаардлагын дагуу ЗХЖШ-аас “Нүүрс” хөтөлбөрт оролцож буй цэргүүдийн хөдөлмөрийн нөхцөл, байрлаж байгаа байрны ахуй нөхцөлийг шалгажээ.
Шалгалтын дүнд олон хууль, дүрэм, журам зөрчсөнийг тогтоосон байгаа юм. Тухайлбал, ЗХЖШ, “Эм Жи Эл Эс Би Ди” компанийн хооронд байгуулсан цэргүүдийг ажиллуулах тухай гэрээнд долоо хоногийн амралтын өдөр болон нийтээр амрах баярын өдрүүдэд цэргүүдийг амраах тухай заалт тусгаагүй нь Хөдөлмөрийн тухай хууль зөрчсөн байжээ.
Уг заалтыг тусгаагүйгээс цэргүүд өдөр бүр үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол боол мэт зүтгэсэн байна.
Үүнээс гадна тус компанитай байгуулсан гэрээнд нэг вагон нүүрсийг буулгаж шуудайлах ажлын хөлсийг 240 мянган төгрөгөөр бодож, 12 цэрэг буулгахаар гэрээнд тусгаж.
Тэрхүү гэрээнд нүүрс савласан шуудайны амыг цахилгаан гар оёдлын машинаар үдэж оёх, нүүрс шигших, автомашинд нүүрс ачих ажлын талаар заалт тусгаагүй, тэдгээр ажлын хөлсийг тооцоогүй, вагон тус бүрийн жинг (нэг вагонд 64, 65, 69, 70 тн гэх мэтээр харилцан адилгүйгээр ачдаг байв) тооцолгүй, ажлын хөлсний үнэлгээг нарийвчилж гаргалгүй ажиллуулж, хүн нэг бүрт ногдох ажлын ачаалал их байсан нь тогтоогджээ.
Уг нь эх орондоо тангараг өргөсөн болохоос ажлын мал болох гэж цэрэгт ирээгүй байлтай.
Эрүүл мэндийг нь хамгаалах тал дээр цэргүүдийг ажиллуулагч компани буюу эвий хөөрхийгөөрөө дуудуулаад байгаа “Эм Жи Эл Эс Би Ди”-гийнхэн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, яг л боол ажиллуулж байгаа мэт байсан гэхэд хилсдэхгүй.
ЗХЖШ-ынхны хийсэн шалгалтаар нүүрс буулгадаг талбайд байгаа цэргийн байранд нь эмнэлгийн анхны тусламж үзүүлэх эмийн сан байгаагүй нь энгийн нэг жишээ. Тус компани гэрээний үүргээ биелүүлээгүйгээр давхардсан тоогоор 635 цэрэг амьсгалын замын өвчин туссан байгаа юм.
Энэ талаар ЗХЖШ-ын даргад гаргаж өгсөн дүгнэлтэд “Амьсгалын замын өвчлөл /ханиад/, гуурсан хоолойн архаг үрэвсэл, уушгины хатгалгаа, арьс харшлын өвчнөөр өвчилж, дөрвөн цэрэг сүрьеэ өвчин тусаж, тэдний хоёр нь цэргийн албанд эрүүл мэндээр тэнцэхгүй гэсэн шалтгаанаар халагджээ.
Энэ мэтээр цэргүүд жин буурах, тураалд орох явдал ч гарсан байна. Цэргүүдээ ажиллуулсан ангиудын эмч нарын бүртгэл, судалгаагаар 1-3 кг-аар жин буурсан 36, 4-6 кг-аар жин буурсан 10, 10-аас дээш кг-аар жин буурсан хоёр цэрэг байжээ.
Цэргийн албанд залуусыг татахдаа эрүүл мэндийн үзлэгт хамруулж, эрүүл саруулыг нь авдаг. Айлын ямар ч өвчин хуучгүй хүүхдийг цэргийн албанд татчихаад уушгины өвчтэй болгосон нь ЗХЖШ, гэрээгээр ажил гүйцэтгүүлсэн Л.Гансүхийн хамсаатнуудын буруутай үйл ажиллагаатай холбоотой болов уу.
Учир нь тэнд ажилласан цэргийн хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангахад тавьж өгсөн бээлий нь нимгэн, хүрзний хүйтэн иш гарыг нь хайрдаг, амны хаалт нь нимгэн, зориулалтын бус учраас тоос, шороо нэвтрүүлэн хамрын хөндий бохирдсон, амны хар өнгийн хаалт, гарын бээлийгээр сард 2-4 удаа хангасан гэх боловч тэдгээр нь чанарын шаардлага хангахгүй урагдаж байсан нь шалгалтаар тогтоожээ.
Ундлах газар болгож бэлтгэсэн майхан нь тоос шороо ихтэй, дулаацах байр нь тохь тухгүй, ажлын хувцас солих, хадгалах өрөөгүй, сандал ч үгүй газар хэдэн бор цэргүүдийг боол мэт зүтгүүлэн хөдөлмөрийг нь сорон мөлжиж байж.
Ийнхүү албадан хөдөлмөрлүүлсний эцэст эрүүл мэндээр нь хохироочихоод буруутай этгээдэд нь ямар ч хариуцлага тооцохгүй, хариуцах эзэн олдохгүй байгаа нь дээрх ээжтэй адил олон хүний дургүйцлийг хүргээд байна.
Татвар төлөгч эгэл жирийн иргэдээс хөвгүүдийг нь хуулиар далайлган эх орноо хамгаалах цэргийн эрдэмд сурган боловсруулахаар дайчлан авсан атлаа хэн нэгэн генерал, хурандаагийн танилын компанид, албадан хөдөлмөрт үнэ хөлсгүйгээр зүтгүүлж буй нь олон он дамжин үргэлжилж байгаа зүйл.
Гадаадын цэрэг, дайчид байгалийн гамшгийн хор уршгийг арилгах ажилд оролцож байдгаас биш, манайх шиг хүний эрхийг дээд зэргээр зөрчин албадан хөдөлмөр хийлгэж тэрийгээ бүтээн байгуулалт мэтээр сурталчилдаггүй.
Бүтээн байгуулалтад оролцох ажлын хүч, ажилгүй залуус Монголоор дүүрэн байна. Хэт хавтгайрсан халамжийн бодлогын уршгаар л ажил хийх хүн олддоггүйгээс бус, төмөр замын бүтээн байгуулалтад сургаж боловсруулаад оролцуулах хөдөлмөрийн чадвартай олон мянган залуу архитай найзлах нь найзлаад, аав ээжээрээ тэжээлгэх нь тэжээлгээд гиюүрч суугаа.
Г.РАВЖАА