Шүүх байгуулах тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн гэсэн Цэцийн дүгнэлтийг УИХ хүлээн зөвшөөрсний дагуу баталсан 94 дүгээр тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг өчигдөр нэгдсэн хуралдаанаар хүлээж авлаа.
Хууль зүйн байнгын хороо хоригийг хүлээн авах нь зүйтэй гэж үзээд байсан юм. Үүнээс гадна Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 15 дугаар дүгнэлтийг хэлэлцэх асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг завсарлага авлаа. Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэсэн дүгнэлт байсан юм.
Хууль зүйн байнгын хороо уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсэн бөгөөд “Цэцийн дүгнэлтийг судлан үзэх шаардлагатай” гэх үндэслэлээр МАН-ын бүлэг завсарлага авснаар тус хэлэлцүүлгийг хойшлууллаа.
Мөн Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн ажил олгогчийг төлөөлсөн гишүүн Ж.Батбаяр, Д.Үүрийнтуяа нарыг хүсэлтийнх нь дагуу үүрэгт ажлаас чөлөөлж, оронд нь нэрээ дэвшүүлсэн долоон хүнээс хамгийн олон санал авсан “Юу Си Жи” ХХК-ийн ерөнхий захирал Д.Ганбаяр, “Тайж” группийн ерөнхий захирал Л.Ганпүрэв нарыг томилсон юм.
Б.НОМИН