Булган аймгийн Баян-Агт сумын Шарга багийн “Цэгээн” нуурын мөсөн дээгүүр “38-99 БУА” улсын дугаартай таван тонны даацтай “ЗИЛ-130” загварын чиргүүлтэй автомашин зорчиж явахад нуурын ус цөмөрч, машин усанд суусан тохиолдол хэд хоногийн өмнө гарсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид орон нутгийн иргэдтэй хамтран машины чиргүүлийг салгаж мөсөн дээр гаргажээ. Үүнээс хоёр хоногийн дараа машиныг гаргахаар дөрвөн тайль (өргөгч) бэхэлж, уржигдар хойд тэнхлэгийг мөсөн дээр гаргасан байна.
Одоогоор уг автомашиныг бүтнээр нь гаргахаар ажиллаж буй. Гурван метрийн гүнтэй, 15 см орчим зузаан мөстэй “ноцолдож”, автомашиныг гаргахад онцгойгийнхон багагүй хугацаа зарцуулж байна. Аз болоход уг автомашины жолооч ямар нэгэн бэртэл аваагүй гэнэ.
Дашрамд дурдахад, он гарсаар гол, нуурын мөс цөмөрснөөс 12 автомашин усанд суужээ. Гол, мөрөн, нуурын мөс бүрэн хөлдөөгүй байгаа тул явган болон автомашинтай зорчихгүй, мал туухгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.
Ч.ТУЯА