Төв цэвэрлэх байгууламжийн үнэр хотын төвөөр ч ханхлах болсонд иргэд нэлээд бухимдаж буй.
Уг гомдлын дагуу Төв цэвэрлэх байгууламжийнхан өнгөрсөн аравдугаар сард арга хэмжээ авч, үнэрийг 50 хувь бууруулсан гэж мэдээлж байв. Гэтэл ойрын өдрүүдэд дахиад өмхий үнэртэх болсон.
Энэ нь ямар шалтгаантайг УСУГ-ын Төв цэвэрлэх байгууламжийн албаны дарга Н.Одхүүгээс тодрууллаа.
-Нийслэлийн баруун хэсгээр дахин өмхий үнэртэж буй талаар иргэд ярьж байна. Танай байгууллагын үйл ажиллагаанд ямар нэгэн доголдол гарсан уу?
-Манай үйл ажиллагаа хэвийн, тоног, төхөөрөмж эвдэрч гэмтээгүй. Харин ч хүйтний улирал эхэлсэн тул лагийн талбайг цас нөмөрсөн байна. Мөн бид үнэр гаргахгүйн тулд үртсээр хучих арга хэмжээ авсан. Зарим орон сууцны хорооллын бохир усны шугамыг таглаагүйгээс болж өмхий үнэр гарсан байх магадлалтай.
-Шинэ цэвэрлэх байгууламж барих ажил ямар шатанд байна вэ?
-Засгийн газар шинэ цэвэрлэх байгууламжийг концессын гэрээгээр барих шийдвэр гаргасан. Ажлын хэсэг ч томилсон. Одоогоор хэлэлцэх шатанд яваа байх.
Э.НАМУУН