Нийтийн тээврийн автобусууд сүүлийн өдрүүдэд дараалан осол гаргах болов. Уржигдар Хан-Уул дүүргийн нутаг Яармагийн гүүрэн дээр өвс ачиж явсан “Портер”-ийн араас “Эрдэм Транс” компанийн “Зурагт-Яармаг” чиглэлийн автобус мөргөж осол гаргасан.
Үүний улмаас долоон хүн бэртэж, “Портер” машины жолооч маш хүнд гэмтжээ. Ослын улмаас Яармагийн төмөр гүүрийг уржигдар оройноос түр хугацаанд хаалаа. Гүүрийн даацын тулгуур багана доргиж, их ачаалал авбал нурах аюултай болжээ.
Тиймээс автомашинуудыг хуучин гүүрээр нэг эгнээгээр хөдөлгөөнд оролцуулахаар болсон юм. Жолооч нарыг аюулгүй байдлаа хангаж зорчихыг Замын цагдаагийн газраас анхааруулав. Гүүр засах ажлыг нийслэлийн Автозамын газрынхан гүйцэтгэж буй.
Мөн Баянзүрх дүүргийн нутаг Батлан хамгаалахын их сургуулийн хойд уулзварт Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын “Daewoo BS” маркийн автобусны жолооч П суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас 11 настай хүүг гэмтээсэн байна.