ХИС-ийн Сэтгүүл зүй, медиатехнологийн тэнхимээс зохион байгуулдаг оюутны шилдэг бүтээл шалгаруулах “Алтан үзэг-2015” улсын наадам өндөрлөж, өнгөрсөн бямба гаригт шилдгүүдэд шагнал гардууллаа. Сэтгүүлзүйн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг 18 их, дээд сургуулийн оюутнууд телевиз, радиогийн нэвтрүүлэг, нийгмийн реклам, нийтлэл гэсэн төрлөөр бүтээлээ ирүүлж, өрсөлдсөн байна. Ирээдүйн чадварлаг сэтгүүлчдийг бэлтгэж, тэдний авьяасыг нээн илрүүлж, онолын мэдлэгийг дадлага ажилтай холбох зорилготой энэ наадмыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд зургаа дахь удаагийн наадамд оюутнууд 64 нийтлэл, 12 нийгмийн реклам, телевизийн 12 нэвтрүүлэг, радиогийн 10 нэвтрүүлэг сойжээ. Энэ удаа “Алтан үзэг 2015” наадмын шүүгчээр СУИС-ийн Радио, медиа урлагийн дээд сургуулийн багш Д.Чулуунцэцэг, МҮОНР-гийн сэтгүүлч, редактор Л.Мөнхтөр, “Өнөөдөр” сонины Улс төрийн мэдээллийн албаны тоймч Б.Энхцэцэг, “Монгол HD” телевизийн Мэдээний албаны дарга Э.Лхагва, “ЖИ энтертаймент” продакшны захирал Н.Ганболд нар ажиллажээ.
Гран при шагналыг ХИС-ийн сэтгүүлзүйн дөрөвөдүгээр ангийнхан “Томъёогүй хүнс” телевизийн нэвтрүүлгээр хүртсэн юм. Оюутнуудын дунд ходоодны өвчлөл элбэг байдаг төдийгүй тэдэнд ямар хоол хүнс идэхээс илүүтэй хэдэн төгрөгт багтааж авах нь чухал байдаг учраас эрүүл мэндийн асуудал нь орхигддог тухай тус нэвтрүүлэгт өгүүлжээ.
“Өнөөдөр” сонины хамт олон “Алтан үзэг” наадмыг жил бүрэн дэмжин, хамтран ажилладаг бөгөөд энэ удаа нийтлэлийн төрөлд тэргүүлсэн “Идэр” дээд сургуулийн гуравдугаар ангийн оюутан П.Баттогтох, МУИС-ийн дөрөвдүгээр ангийн оюутан Б.Алтанхуяг нарт ажлын урилга гардуулж, сэтгүүлзүйн салбарт гаргах анхны мөрөө бидэнтэй эхлүүлэхийг хүссэн юм.
"Алтан үзэг 2015" наадмын шилдгүүд
Радио нэвтрүүлэг
1. Ө.Дагмидмаа -ХИС-ийн Сэтгүүлзүй III "Үнэний мөрөөр"
2. "Оосор" баг-ХИС-ийн Сэтгүүлзүй III "Жогжоохонтой хамт"
3. Г.Халиунаа-СУИС-РТМУС-ийн Сэтгүүлзүй IV "Айдас үргээх аялгуу"
Телевизийн нэвтрүүлэг
1. "28" баг -ХИС сэтгүүлзүй IV "Фэйсбүүк пост"
2. "Эв нэгдэл" баг-ХИС Сэтгүүлзүй IV "Алдхан бие дэх ахадсан ачаа"
3. Г.Халиунаа СУИС-РТМУС-ийн Сэтгүүлзүй IV "Хангайн эрдэнэ"
Нийгмийн реклам
1. "Оосор" баг ХИС-ийн Сэтгүүлзүй III "Харилцаандаа итгэ"
2. А.Энхмаа, Б.Тэргэл, Б.Ариунтунгалаг ХИС-ийн Сэтгүүлзүй III "Нууц"
3. Б.Ганчөдөр ХИС-ийн Сэтгүүлзүй III "Тэд хичээж байгаа"
Нийтлэл
1. П.Баттогтох "Идэр" ДС сэтгүүлзүй III "Зээртэй нутгийн жавхаа"
2. Э.Мөнхбилгүүн "Зохиомж" ДС "Өвгөдийн нутагт өнжих цагаар"
3. Т.Ариунбаяр "Сэтгүүлч" ДС IV "Үргүйдэл эрчүүдийн асуудал биш"
МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн шагнал- Б.Цолмон (МУБИС) "Орхигдсон хүмүүс" нийтлэл
Залуу сэтгүүлчдийн холбооны нэрэмжит шагнал-Б.Ууганбаяр (Их монгол дээд сургууль) "Оюутны нүдээр" нийтлэл
"Өнөөдөр" сонины нэрэмжит шагнал - П.Баттогтох (Идэр дээд сургууль), Б.Алтанхуяг (МУИС)
"Өдрийн сонин"-ы нэрэмжит шагнал - Э.Отгонтуяа (МУИС)
ХИС-ийн Сэтгүүлзүйн салбарыг төгсөгчдийн шагнал-Ц.Ариунжаргал (Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль)