Таван нам нэгдэж, Ардчилсан нам байгуулсны 15 жилийн ой өчигдөр тохиов. 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Монголын үндэсний ардчилсан нам, Монголын социал демократ нам, Монголын Ардчилсан нам, Монголын шашинтны ардчилсан нам, Монголын ардчилсан сэргэн мандалтын нам нэгдсэн түүхтэй.
Энэ баярынхаа өдрийн өмнөхөн Ардчилсан нам иргэдийн дунд тун ч эвгүй байдалд оров. Гудамжаар нэг байрлуулсан том самбарууд дээрх гавьяагаа сануулсан өгүүлбэрүүд нь угаас унаж явсан тус намын нэр хүндийг дахин хэдэн хувиар доошлуулж орхилоо.
“АН-ынхны ухаан санаа хэвийн байгаа даа” хэмээн иргэд зовниход хүрэв. Цахим ертөнцөөр “хэний гавьяа вэ” гэдэг үг хит болж, бараг л бүх зүйл дээр гавьяа нэхэж хавтгайруулав. АН-ыг л шүүмжлээд байгаа хэлбэр шүү дээ.
Зарим нэг нь “За арай ч АН ингэж тэнэгтээгүй байлгүй дээ. Эсрэг намынхных нь явуулга байлгүй” гэж зөөлрүүлэн бодох. Гэвч АН-ын төв аппаратаас хийсэн “гавьяа” аж.
“Намрын цэцэгсийг ичтэл гоёсон сурагчидтай намын дарга М.Энхболд хамт баярлалаа” гэсэн гарчигтай мэдээ хэвлэлээр цацагдаж, хүмүүсийн хөх инээдийг хүргэж байсан нь саяхан.
Намынхаа даргыг сайхан харагдуулах гэсэн хэвлэлийн төлөөлөгчийнх нь хичээл зүтгэл хэтэрч, нөгөөхөө бүр баллаж орхисон юмдаг. АН одоо яг энэ жишээг илүү өргөн хүрээнд давтаж байгаа юм.
“ТҮЦ машин ажиллуулж, төрийн үйлчилгээний түгжрэлийг арилгасны гавьяа хэнийх вэ”, “Аймгуудыг засмал замаар холбосон гавьяа хэнийх вэ” гэх мэт бичигтэй эдгээр самбарыг байрлуулсныхаа хариуд “Ардчилсан нам шүү дээ” хэмээн уулга алдаж, алга ташина гэж хүлээсэн байх. Гэхдээ тийм тэнэг сонгогч гэж байхгүй.
Хэн юу амласан, түүнээсээ алийг нь хийснийг сонгогчид мэднэ. Тиймээс ингэж хүчилсэн, үгүй хэдэн сарын дараа сонголтоо өөрийнхөөрөө л хийнэ. Өнгөрснөө биш, ирээдүйд хийх ажлаа ярьсан бол АН-ын нэр арай цэвэр үлдэх байлаа.
Аливаа нам сонгуульд өрсөлдөхдөө мөрийн хөтөлбөр боловсруулдаг. Хэрэв засгийн эрхэнд гарах юм бол улс эх орноо хөгжүүлэх, иргэдийн амьдралыг сайжруулахын төлөө хийх ажлаа үүнд тусгадаг.
Энэ ёсоор АН-ынхан амласан ажлаасаа л хийж байгаа. Тэгчихээд гавьяагаа сануулж буруутсан нь энэ. Хүн бүр шүүмжлээд, шоолоод эхэлмэгц нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон үлгэрийнхээ хоёрдугаар ангийг түргэхэн шиг бичсэн бололтой юм.
Тэр нь өнөөх “гайхуулсан” үгсийнхээ араас “Иргэн таны сонголтын гавьяа” гэсэн өгүүлбэр нэмсэн самбараас харагдана. МАН-ынхан ч яах вэ, цэцэг ичээдэг юм байж. АН-ынхны өмнөөс харин иргэд ичээд сүйд байна.
ГАНДАН БУУРАХГҮЙ
Засгийн газраас хийж, хэрэгжүүлсэн ажлуудыг самбарт дурайлгасан учраас Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн утас тэр өдөр завгүй өнжжээ. Ийм зүйл болсныг сонсоод тэр ч бас шоконд орсон сурагтай. Тэгэхээр Засгийн газраас хийгээгүй болж таарав. Ингээд эрлийн үзүүр АН-ын төв аппаратад чиглэсэн нь мэдээж.
Сонгууль хаяанд ирсэн, намынх нь рейтинг тааруухан яваа учраас З.Энхболд PR-ын баг ажиллуулж эхэлсэн юм байна. Энэ нь багийн, тэр дундаа генсек Л.Эрхэмбаярын “мэргэн” санаа байсан бололтой.
Гавьяатныг нь АН биш, иргэд болгож хувиргасан энэ PR-аа тэд зогсоох биш, үргэлжлүүлэх гэнэ. Аймгийн төвүүд, сумдаар ч удахгүй дээрхийн адил самбарууд “ургаж” эхэлбэл гайхах хэрэггүй.
Хотын төвийн гудамжуудаар ийм хэмжээний самбар байршуулахад овоо “хөөрхөн” төлбөр гарах нь мэдээж. Нэгэнт мөнгө цохиж хийсэн ажлаа бантсан ч үргэлжлүүлээд байна гэсэн үг.
СОНГУУЛИЙН ХУУЛЬ ЗӨРЧИХ ҮҮ
Сонгуулийн сурталчилгаа эхлэх болоогүй. Нэр дэвшигч үнэмлэхээ авсан цагаас л сурталчилгаа эхэлдэг хуультай. Гэтэл АН-ынхан ийм илт сурталчилгаа явуулаад буй нь хуульд нийцэх үү гэсэн асуулт гарна. Сонгуулийн тухай хуулиас тэдэнд хариуцлага тооцох заалт гэвч эрээд олохгүй.
Үүнд зөвхөн сонгуулийн жил эхэлснээс хойш нийтийг хамарсан урлагийн, спортын, эрүүл мэндийн арга хэмжээ зохион байгуулах, сонгогчдод бэлэг сэлт тараах, гадаад, дотоодоор аялуулах гэх мэтийг хориглосон.
Хуулиар хориглоогүй л бол зөвшөөрөгдсөнд тооцно гэдэг зарчмаар ажиллаж буй хэрэг.
Үнэндээ нам ялгалгүй улстөрчид хэдийнэ сонгуулийн сурталчилгаагаа эхэлчихсэн. Нэр дэвших тойрогтоо ном, нэрээ бичсэн аяга, зургийн жааз, цаг тараасаар яваа. Тэгэхээр хэн нь ч хэнийгээ хэлэх вэ.
Он гарахаас өмнө л амжуулаад авъя гэж бодож буй бололтой. Гэхдээ сурталчилгаа хийхдээ өөрийгөө дэгээдэж болохгүй. АН-ынхан энэ зарчмыг мартчихжээ. Тэдний энэ PR-ын үр дүн гарах, эсэхийг удахгүй мэдэх биз ээ.
С.ТУУЛ