Нийслэлийн 2016 оны төсөв батлах үеэр Хүүхдийн урлан бүтээх төвийг хувьчлах шийдвэр гаргасан. Тэндхийн дугуйланд хичээллэдэг хүүхдүүд болон тэдний эцэг, эхчүүд дээрх шийдвэрийг эсэргүүцэн өнгөрсөн бямба гаригт тайван цуглаан хийлээ.
Хасах долоон хэмийн хүйтэнд урлангийнхаа гадаа өөдөсхөн гартаа өөрсдийн бүтээлээ барьчихсан “жагсаж” буй багачууд яагаад ийн зогсох болсноо ч мэдэхгүй.
Нийслэлийн зургаан дүүргийн 121 сургуулийн 1400 гаруй хүүхэд багачууд хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн зорьж ирдэг Урлан бүтээх төв нь үгүй болбол яах вэ гэдгийг одоохондоо тэд сайн ойлгохгүй байгаа.
Арай жаахан томчууд нь л “Багш аа, хувьчлал гэж юу байдаг юм бэ. Манай дугуйлан нээрээ ажиллахгүй болох юм уу” хэмээн шалгааж байгаа тухай өнгөрсөн долоо хоногт биднийг сурвалжлагаар очиход багш нар нь хэлж байсан.
Хүүхдийн урлан бүтээх төвийн уран зургийн ангийн эцэг, эхчүүд өнгөрсөн баасан гаригт хуралдаaн, болж буй үйл явдлын талаар олон нийтэд бодитой мэдээлэл өгөх, хүүхэд багачуудынхаа эрх ашгийг хамгаалж, тэдний дуу хоолойг нийгэмд түгээх гэсэндээ энэхүү тайван цуглааныг хийхээр шийджээ.
“Хөхөө өвлийн хүйтэнд хүүхдүүдтэйгээ нийлээд ингэж гадаа зогсож байгаа минь тэдний хүсэл мөрөөдөл, ирээдүйн төлөө юм шүү. Түүнээс биш бидэнд ямар нэгэн далд санаа байхгүй. Үүнийг улстөржүүлэх ч хэрэггүй.
Ашгийн төлөө бус, хүүхдийн хөгжлийн төлөө үйл ажиллагаа явуулдаг цорын ганц байгууллагыг хувьчлахын эсрэг нэгдсэн биднийг олон нийт ч дэмжинэ гэж итгэж байгаа” хэмээн нэгэн ээж ярилаа.
Хүү нь тус төвийн нисэх загварын ангид орсноор инженерийн анхан шатны мэдлэгтэй болж, энгийн зүйлээр ч гайхалтай бүтээл хийхэд суралцсан тул энэ мэт олон хүүхдийн ирээдүйд үнэтэй хувь нэмэр оруулах буянтай байгууллагыг аварч үлдэх гэсэн эцэг, эхчүүдийн төлөөлөл нь тэр.
Эцэг, эхчүүд энэ асуудлаар түр хороо байгуулсан гэнэ. Мөн Хүүхдийн урлан бүтээх төвийн үе үеийн төгсөгчид анх эрдмийн аянд дөрөөлсөн байгууллагыг нь хувьчлах гэж буйг эсэргүүцэн нийслэлийн ИТХ-д хүсэлт хүргүүлэхээр зэхэж буйг ч дуулгав.
Тус төвийг хувьчлах шийдвэр гарсан хэрнээ одоо хүртэл албан ёсны тогтоол шийдвэр нь ирээгүй байгаа аж. Тиймээс “Манай төвийн үйл ажиллагаа, нөхцөл байдалтай өөрийн биеэр ирж танилцаач. Бас албан ёсны тогтоол гарсан бол бидэнд үзүүлээч” хэмээн нийслэлийн Засаг даргын Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Буяндалайд удаа дараа хүсэлт илгээсэн боловч мөн л хариу өгөөгүй гэнэ.
Ямартай ч нийслэлийн ИТХ-ын дараагийн ээлжит хуралдаанд Хүүхдийн урлан бүтээх төвийнхөн асуудлаа албан ёсоор тавих аж.
Л.ГАНЧИМЭГ