Галт тэрэг, онгоцны нислэгээс хоцрох... Бидэнд учирч болох хамгийн азгүй тохиолдлуудын нэг нь л энэ байх. Тиймдээ ч галт тэрэгнээсээ хоцорсон Н.Ганхуяг урамгүйхэн автобусанд сууж, Амгалан өртөөнөөс Төмөр замын вокзалыг зорьжээ. Гэтэл суусан автобус нь мөн л саатаж, тэрбээр Баянзүрх зорчигч үйлчилгээний төв буюу бидний хэлж заншсанаар Баянзүрх автовокзалын ойролцоо буусан байна. Түүний азгүй гэмээр эл тохиолдол нэгэн азтай явдлыг урьтал болж. Галт тэрэгнээсээ хоцорсон тэрбээр санамсаргүй тохиолдлоор Баянзүрх зорчигч үйлчилгээний төвд очсоноор бүтэн жилийн турш Улаанбаатар, Эрээн хот хооронд үнэгүй зорчих эрхтэй болсон байна.
Арванхоёрдугаар сарын 2-ноос Улаанбаатар-Эрээн чиглэлд автобус зорчигч тээвэрлэж эхэлсэн бөгөөд уг чиглэлийн анхны аялагч нь Н.Ганхуяг. Тэрбээр эхний аяллын цорын ганц зорчигч болсон тул автобус тээврийн "Атибус" компанийн захирал Г.Баярмагнай нэг жил үнэ төлбөргүй зорчих эрхээр урамшуулсан юм.
Авто тээврийн үндэсний төвөөс зохион байгуулж гаргасан автобусны шинэ чиглэлд "Атибус", "Эрдэм транс", "Тэнүүн Огоо" компани зорчигч тээвэрлэхээр сонгогджээ.
Улс хооронд зорчигч тээвэрлэж буй автобус Баянзүрх зорчигч үйлчилгээний төвийн гадаа зогсож, хаалгаа нээхэд цасан цагаан малгай, хөх цэнхэр дүрэмт хувцастай нисгэгч гэж эндүүрэм жолооч, стюардесс гэлтэй үйлчилгээний ажилтан хоёр хамгийн түрүүнд нүдэнд туссан.
"Агаарын үйлчилгээг газарт" уриатай ажиллаж буй "Атибус" компани шинэ чиглэлд зорчигч тээвэрлэхдээ зорчигчийн тав тух, аюулгүй байдалд анхаарал хандуулж буй. Тиймдээ ч Улаанбаатар хотоос хөдөлмөгц ус ундаа, амттан, орон нутгийн нислэгийн үеэр өгөөд байдаггүй хоолоор зорчигчдоо дайлж байгаа. Хагас унтлагын автобус тун удахгүй утасгүй интернэт буюу wi-fi-тай болж, зорчигчдодоо нөмөрч унтах бүтээлэг тараадаг болох гэнэ.
Энэ талаар Авто тээврийн үндэсний төвийн Тээвэр, зохицуулалтын газрын дарга Э.Энхбатаас тодрууллаа.
-Улс хоорондын зорчигч тээврийн шинэ чиглэл Улаанбаатар-Эрээнд хоорондын галт тэрэгний үйлчилгээнээс ямар ялгаатай вэ?
-Автобус өдөрт хоёр удаагийн давтамжтай явж байгаа. Тиймээс өөрсдийн ажлын ачаалал, цаг завд тохируулан автобусанд суух боломжтой болж байгаагаас гадна өглөөний ээлжийнхт суувал хонолгүй оройдоо Эрээнд очиж, Улаанбаатарт ирж байгаа.
Мөн нэмэлт автобус бэлдсэн байдаг тул шаардлагатай үед хоёр автобус зорчигчдод үйлчлэх тул тасалбар дуусах, олдохгүй байх зэрэг асуудал гарахгүй.
-Тасалбар нь ямар үнэтэй байгаа вэ?
-Улаанбаатараас Эрээн рүү 55.000, төгрөгөөр үйлчилж буй. Тасалбарын үнэд оройн хоол, хил нэвтрэхэд хураалгах гаалийн татвар багтаж байгаа.
-Замд зорчигчдын бие муудвал ямар арга хэмжээ авах вэ?
-Улс хооронд төдийгүй хот хооронд зорчигч тээвэрлэж буй аж ахуйн нэгж байгууллагатай хийдэг гэрээндээ бид зорчигчдод анхан шатны тусламж үзүүлэхэд шаардлагатай эм тариа, холбогдох зүйлсийг байлгах, жолооч, үйлчилгээний ажилтныг анхан шатны тусламж үзүүлэх сургалтад суулгаж, мэдлэг чадвартай болгохыг тусгасан байдаг. Шаардлагатай тохиолдолд ойролцоох төв суурин газарт зорчигчийг хүргэж, эмнэлгийн яаралтай тусламж үйлчилгээ үзүүлэх боломжтой.
-Зорчигчдын аюулгүй байдал, техникийн аюулгүй байдал, хөдөлгөөний аюулгүй байдалд хэрхэн хяналт тавьж байгаа вэ?
-Эмнэлгийн тусламж үйлчилгээтэй адил улс хооронд төдийгүй хот хоорондын зорчигч тээврийн автобусны байршлыг тогтоох, хурдыг хэмжих GPS төхөөрөмжийг бүх автобусанд суурилуулсан байгаа. Мөн техникийн аюулгүй байдлыг хангахаар жилд дөрвөн удаа техникийн үзлэг орж буй. Алслагдсан аймгуудаас ирж буй автобусанд шаардлагатай засвар үйлчилгээг ойролцоох сууринд үзүүлж, хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон үед зорчигчдыг шилжүүлж суулгах ажлыг ч урьдчилсан бэлдэж, зохион байгуулсан байгаа.
Түүнчлэн "Атибус" компанийн захирал Г.Баярмагнайн мэдээлснээр тухайн чиглэлд үйлчилгээ үзүүлж буй автобус замын хөдөлгөөнөө цааш үргэлжлүүлэх боломжгүй болсон үед зорчигчдын шилжүүлэн суулгах автобусыг Дорноговь аймгийн Сайншандад байрлуулаад байгаа гэнэ.
Улаанбаатар Эрээн чиглэлийн автобус өдөр бүр 06.00 болон 21.00 цагт "Баянзүрх" зорчигчдод үйлчлэх төвөөс хөдөлж, Эрээн хотоос 10.00 болон 13.00 цагт Эрээний авто тээврийн вокзалаас хөдөлнө.
Орон нутгийн зорчигч тээврийн автобуснууд "Драгон" болон "Баянзүрх" зорчигч үйлчилгээний төвд л зорчигчдыг буулгадаг бол Эрээнээс ирсэн автобус зорчигчдоо Саппоро хүртэл төв зам дагуу явж, автобусны буудлуудад буулгаж зорчигч тээврийн үйлчилгээнд бас нэг ахиц гаргаж буй.
Шинэ чиглэлийн талаар Эрээн хотын авто тээврийн удирдах газрын дарга Чен Хон Еэнь "Өнөөдөр Улаанбаатараас Эрээн хотын чиглэлд үйлчилгээ үзүүлж буй зорчигч тээврийн шинэ шугам нээлтээ хийж байна. Энэ явдал хоёр улсын харилцаанд чухал үйл явдал болж байгааг онцлох нь зүйтэй. Бид Монголын ард түмэнд чанартай үйлчилгээ үзүүлэхийг зорьж ажиллах болно. Тээврийн шинэ шугам нээгдсэн нь хоёр улсад эерэг өөрчлөлт үзүүлнэ гэж найдаж байна. Түүнчлэн эл үйл явдал хоёр улсын авто тээврийн салбарын харилцааг нэг шатаар ахиулж байна гэж үзэж байна" хэмээн улс хоорондын тээврийн шинэ чиглэлийн ач холбогдлыг тодорхойлсон.
Тээврийн мэргэжилтнүүдийн өгүүлснээр тээврийн шинэ шугам эхний саруудад ашигтай ажиллаж чаддаггүй. Харин нээлтээ хийгээд тав хонож буй ч тээврийн шинэ шугам хэдийнэ хэрэглэгчдийн анхаарлыг татжээ. Анхны аялал ганцхан зорчигчтой эхэлж байсан бол арванхоёрдугаар сарын 5-нд Эрээнийг зорьсон автобус 17 зорчигчтой явж байв. Тус зорчигчийн нэг болох Б.Бямбадэлгэрээс сэтгэгдлийг нь сонсоход "Шинэ жил, Цагаан сарын баярын үеэр галт тэрэгний тасалбар олдохгүй хүндрэлтэй байдаг. Түүнчлэн 21.00 цагт хотоос хөдөлж байгаа тул тухайн өдрийн ажлаа амжуулаад, аяллын бэлтгэлээ базаагаад замд гарах боломж олгож байна. Тиймээс автобусны шинэ чиглэл гаргасан нь нүдээ олсон үйлчилгээ байна. Галт тэрэг 16.30 цагт хөдөлдөг тул зарим тохиолдолд тухайн өдрийн ажлаа амжуулж чаддаггүй шүү дээ" гэсэн юм.