Шүдээ авахуулж, бас эмчилгээ хийлгэж байгаад янз бүрийн халдвар авч хохирсон хүн бишгүй байдаг. Тэгвэл энэ байдлыг арилгах, эмчилгээ, оношилгооны чадварыг нэмэгдүүлэх, хяналтыг чангатгах зорилгоор ЭМСЯ, НМХГ, нийслэлийн Эрүүл мэндийн газрын есөн хүний бүрэлдэхүүнтэй баг өнгөрсөн 7-9 дүгээр сард хувийн хэвшлийн шүдний эмнэлгүүдэд хяналт шалгалт хийснээ өнөөдөр танилцуулав. Ингэхдээ тэд хувийн эмнэлгүүдийн эмч, захирлууд (100 орчим )-ыг цуглуулж өөрсдийнх нь алдаа дутагдлыг хэлж, хэрхэн арга хэмжээ авах талаар заавар зөвлөгөө өглөө. Өмнө нь иймэрхүү хяналт шалгалтын дүнг хэвлэл мэдээллээр зарлаад өнгөрдөг байв.
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас энэ онд 995 байгууллага эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсны 256 нь шүдний эмнэлэг аж. Эдгээрээс 35.9 хувь буюу 92 эмнэлгийн үйл ажиллагааг шалгахад 54 нь эерэг үзүүлэлттэй гарсныг нийслэлийн Эрүүл мэндийн газрын мэргэжилтэн Э.Навчаа хэлэв. Тэрбээр “Эрүүл мэндийн тухай хууль болон холбогдох норм стандартыг хувийн эмнэлгүүд хэрхэн мөрдөж буйг Эрүүл мэндийн газрын даргын 88 дугаар тушаалаар баталсан ажлын хэсгийнхэн шалгалаа. Эмнэлгүүдэд 16 асуулга бүхий 80 онооны тестийг 0-5 баллаар дүгнэсэн. Оношилгоо, эмчилгээндээ сүүлийн үеийн техник хэрэгслийг нэвтрүүлж, дүрэм журмаа чанд мөрдөн, нэг удаагийн багаж хэрэгслээ бүрэн хангасан, ариутгал халваргүйжүүлэлт сайн “Монсей”, “Процдент”, “Болор дент”, “Бумаа санаа”, “Гандент” “Баясал өв”, “Майфловер”, “Хаппи феминил” зэрэг эмнэлгийг дурдаж болно. 2014 онд хийсэн шалгалттай харьцуулахад энэ жил орон сууцны нэгдүгээр давхарт үйл ажиллагаа явуулж буй шүдний эмнэлгийн тоо цөөрсөн ч ажлын байрны нөхцөл стандартын шаардлага хангахгүй хэвээр байна. Орон сууцны балконыг өргөтгөж багаж хэрэгслээ суурилуулсан, үзлэгийн өрөө нь 18 ам метр талбайгаас бага, согог заслын эмч, техникч байхгүй, сувилагч хангалтгүй, байгаагийнх нь эмчлэх эрхийн хугацаа дууссан, сувилагч нь үйлчлэгч хийж буй тохиолдол ч гарсан. Эмч, мэргэжилтнүүдийн багц цагийн бүртгэл хангалтгүй, мэргэжлийн сургалтад хамруулдаггүй, тушаал, төлөвлөгөөгөө стандартын дагуу бичдэггүй, үр дүнг нь тооцохгүй байна. Мөн яаралтай тусламжийн үед хэрэглэх эм, тарианы хангамж муу, хугацаа нь дууссан эм, эмэн бүтээгдэхүүн хадгалж байсан зөрчил илэрсэн. Ийм байтал эмнэлгүүдийн удирдлагууд нь анхаарал огт тавихгүй байна” гэж ярив.
НЭМГ дараах арга хэмжээг авчээ. Шүдний эмнэлгүүдийн дотоод орчны халдварын эрсдэлээс хамаараад цэвэрлэгээ, ариутгал хийлгэж, үзлэгийн өрөөнд халдвараас хэрхэн хамгаалах, шүдний тусламж, үйлчилгээнд хэрэглэж буй багаж хэрэгслийг гурав хуваан ангилан, үзлэгийн сандлын байршлыг өөрчилж, бохирын нэгдсэн шугамд холбуулсан, эмнэлгийн гаралтай хог хаягдлыг түр хадгалах цэг байгуулж, 18 ам метрээс бага талбайд үйл ажиллагаа явуулж байсан эмнэлгүүдийн зарим тавилгыг гаргуулсан гээд 43 эмнэлгийн зөрчлийг арилгуулжээ. Харин хаяг, утас нь тодорхойгүй, үзлэгийн багаж хэрэгсэл нь чанарын баталгаагүй, мэдээ, тайлангаа ирүүлдэггүй эмнэлгүүдийн тусгай зөвшөөрлийг цуцлах болсноо НЭМГ-ынхан хэлсэн юм.