Норвеги улсаас Ховд, Баян-Өлгий аймгийн ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд хэрэгжүүлж буй "Хүүхдийн эрх-хөгжил-2" төслийн зөвлөлдөх уулзалт өнөөдөр болов. Өнөө жил улсын хэмжээнд 33 мянга гаруй хүүхэд дотуур байранд амьдарч буй аж. Энэ нь өмнөх жилүүдтэй харьцуулахад цөөрсөн үзүүлэлт аж. Уг нь 38-39 мянган хүүхэд дотуур байранд амьдрах боломж бий ч хүүхдүүд үйлчилгээнээс нь болоод тэнд суухыг хүсэхээ байсныг дээрх хурлын үеэр онцолсон. Тодруулбал, Ховд аймагт айлд амьдарч буй хүүхэд дотуур байрныхаас олон буюу 1983 байна. Мөн гэр барин өрх толгойлон амьдарч буй 596 хүүхэд байгаа аж.
“Үндэсний хөгжлийн цогц бодлогод “Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд тохилог орчин бүрдүүлж, тэнд суух хүүхдийн тоог 2.1 дахин нэмэгдүүлэх” зорилт тавьсан. Гэтэл Мянганы хөгжлийн зорилтын хугацаа дуусаж, биелэлт хангалтгүй гарсныг өнгөрсөн намар НҮБ-ын Ерөнхий ассамблейн 70 дугаар чууганаар дүгнэсэн. Тиймээс дотуур байрны үйлчилгээний стандартыг бий болгож мөрдүүлэх, сум, багт өрх толгойлон амьдарч буй хүүхдүүд, хүүхдээ харан сумын төвд эхнэр, нөхрөөсөө тусдаа байгаа гэр бүлийн талаар судалгаа хийж, тэдний санал зөвлөмжийг нэгтэх хэрэгтэй. Түүнчлэн “Хүүхэд хамгааллын бодлого” батлан хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж төслийн багийнхан хэлэв.
Дотуур байрны хүүхдүүдийн дунд явуулсан судалгаагаар тэдний олонх нь хоолны амт чанар, хүртээмжид сэтгэл дундуур байдгаа илэрхийлжээ. Учир нь нэг хүүхдэд ногдох хоолны зардал хоногт 2315 төгрөг. Тиймээс зардлыг дунджаар 3820 төгрөг болгон нэмэгдүүлэх шаардлагатайг энэ үеэр ярьж байв.