Дэлхий дахинд болж буй байгалийн гамшиг, сөргөлдөөнд хүмүүнлэгийн арга хэмжээ авахдаа өсвөр насныхан болоод эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн хэрэгцээг ихээхэн орхигдуулж буйг НҮБ-ын Хүн амын сангаас гаргасан тайланд онцолжээ. Тус сангийн гүйцэтгэх захирал Бабатунде Осотимехин “Хүмүүнлэгийн ямар ч арга хэмжээнд өсвөр үе, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийг орхигдуулж болохгүй. Төрөх гэж буй бүсгүй, бэлгийн хүчирхийлэлд өртсөн өсвөр насны охидод туслах нь ус, хүнс, хорогдох байрны нэгэн адил нэн чухал” гэж хэлсэн бол суурин төлөөлөгч Наоми Китахара “Зуд, газар хөдлөлт гэх мэт онцгой байдлын үед өсвөр үеийнхэн болон эмэгтэйчүүдийн хэрэгцээг хангахын төлөө бид танай улсын Засгийн газартай хамтран ажиллана. Монгол Улсын нөхөн үржихүйн насны 868.000 эмэгтэйд зориулж, гамшгийн үед нэн шаардлагатай эм, хэрэгслээр нь хангана” гэв. НҮБ-ын Хүн амын сан манайд тав дахь хөтөлбөрөө хэрэгжүүлж буй нь энэ.