“Цэцэрлэг барьж өгвөл шууд боловсролын гавьяат өгдөг болъё” гэж хэн нэгэн зүгээр ч нэг хэлчихээгүй биз. Учир нь өнөөгийн нийгэмд сургууль, цэцэрлэг хүрэлцэхгүйн зовлон их байна. Тиймээс л улс, хувийн хөрөнгөөр ийм бүтээн байгуулалт хийсэн хүнийг тэгтлээ өргөмжлөх болсон хэрэг.
Чингэлтэй дүүргийн VII хороонд 150 хүүхдийн багтаамжтай цэцэрлэг нээнэ гэсэн мэдээллийн дагуу бид тийш зорив. Холбогдох албаны хүнтэй утсаар ярьж, хаана байдгийг нь лавлахад “Олоход их л хэцүү газар даа. Дэнжийн мянгын арын шинэ замаар өгсөөд Далан давхарын оршуулгын газрын баруун урдуур тойронгуут дээш хөтөлсөн нэг жалга бий.
Түүнийг дагаад явахад хоёр давхар байшин харагдана” гэсэн юм. Тэр хавийнхнаас сураглаад явж байтал нэг эмээ “Цэцэрлэгийн нээлтэд явж байна” гэсээр бидэнтэй зам нийлэв. Хот ч хойшоогоо нэлээд тэлж. Уулан дээр айлууд зай завсаргүй шахам бууж, хашаагүй нь мод хатган тэмдэг тавиад гэрээ барьжээ. Тэр олон гэр дунд хоёр давхар улаан тоосгон байшин ганц л үзэгдэх нь 224 дүгээр цэцэрлэг аж.

Гэр хороололд, уулан дээр барьсан гэхэд гадна талаасаа өнгө үзэмж сайтай, дотроо ч ярих юмгүй, тохижуулсан байв. Чингэлтэй дүүрэг Орон нутгийн хөгжлийн сангаасаа 1.2 тэрбум төгрөг гаргаж, анх удаа ийм том бүтээн байгуулалт хийжээ. Тус дүүрэгт цэцэрлэгийн насны 13933 хүүхэд байдгаас 9354 нь албанд явдаг юм байна.
Тэгвэл VII хорооны ийм насны 1269 хүүхдийн 600 гаруй нь цоожтой хаалганы ард хоцордог байж. Харин өнөөдөр нээлтээ хийсэн 224 дүгээр цэцэрлэгт эдгээр хүүхдийн тэн хагас нь явах боломж бүрджээ. Өөрөөр хэлбэл, ууланд амьдардаг 300 гаруй хүүхэд албатай болж буй нь энэ.
Тус цэцэрлэгийн эрхлэгч П.Эрдэнэчимэг “Өдгөө VII хорооны “Хувьсгалчдын Г”-гийн 180 хүүхдийг цэцэрлэгт хамруулаад байна. Манайх зургаан бүлэгтэй. Цаашид 150 гаруй хүүхэд нэмж авахаар бэлтгэлээ хангаж байгаа. Энэ хавьд цахилгаан, цэвэр, бохир усны шугам, худаг ч байгаагүй.
Тиймээс дүүргийн ИТХ, ЗДТГ, гүйцэтгэгч компаниуд хамтраад 180 сая төгрөгөөр өндөр хүчдэлийн шугам татаж, нөөцийн генератор хүртэл суурилуулсан.
Цахилгаан тасарвал 30 секундын дараа генератор автоматаар ажиллана. Мөн гүний худагтай. Цэцэрлэгт бүхэлд нь цахилгаан халаагуур тавьсан. Бүх ангид, нийтдээ 24 камер 24 цагаар ажиллуулж байгаа. Алслагдсан хорооны 32 хүнийг ажлын байраар хангасан” гэж ярив.