Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн соёлын төвийг хувьчлахыг Монголын залуучуудын холбоо эсэргүүцэж буйгаа өчигдөр мэдэгдлээ. Нийслэлийн ИТХ-аар өнгөрсөн сарын 30-нд Хүүхдийн урлан бүтээх төв, Хүүхдийн ордон тэргүүтэй 19 барилгыг 2016 оны өмч хувьчлалд хамруулах асуудлыг хэлэлцэж, дэмжсэн нь хүүхдэд зориулсан барилга байгууламжид гар дүрсэн, хариуцлагагүй үйлдэл гэж тэд үзжээ. “Улаанбаатар хотод нэгэн цагт хүүхэд, залуусын гэх тодотголтой олон байгууллага байсан. Гэтэл өдгөө хүүхэд, залуусыг хөгжүүлэх, тэднийг чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэхэд зориулсан газар бараг үлдээгүй гэхэд буруудахгүй. Улс орны ирээдүй болсон хүүхэд, залуусын төлөө нэмж барьдаггүй юм гэхэд байгаа хэдийг нь үлдээх хэрэгтэй. Хувьчлах нь хүүхдийн суралцах, хөгжих боломжийг хаасан үйлдэл” гэж тус байгууллагынхан хэлж байгаа юм.