Уран зургийн галерейгаас улсын санд бүртгэн авсан уран зураг алга болжээ. Зураач С.Мижиддоржийн 1983 онд зурсан “Уралдаан” хэмээх энэ бүтээл нь тус галерейд хийсэн тооллогоор дутсан гэнэ.
Тиймээс холбогдох байгууллагаас цагдаагийнханд эрэн сурвалжлуулах хүсэлт тавьсан юм байна. Үүний дагуу Сүхбаатар дүүргийн Цагдаагийн I хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ.
Одоогоор энэ асуудалд хэн нэгнийг буруутгаагүй гэдгийг прокурорын байгууллагын эх сурвалж бидэнд мэдээллээ.
Уран зургийн галерейн сан хөмрөгт байгаа улсын санд авсан бүтээлийг аваад буцааж өгөхгүй байх, тус галерейн хөрөнгийг зувчуулсан гэх дуулиан өмнө нь дэгдэж байхад хэнд ч хариуцлага тооцолгүй өнгөрсөн.
Уг нь Уран зургийн галерейн захирлаар ажиллаж буй Н.Батбаатарыг АТГ-ынхан шалгаж байсан ч тэгсхийгээд замхарсан.
ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс тус галерейн ажилтнуудын гаргасан мэдээллийг шалгаад, хадам ээж Энхцэцэгийнхээ “Их Хануйн гол” гэх компанитай гэрээ байгуулж 5.3 сая төгрөгийг түрээсийн төлбөр хэмээн данс руу нь шилжүүлснийг тогтоожээ.
Мөн тус галерейд засвар хийлгэх нэрээр 63 сая төгрөг, зургийн сан хөмрөгийг жаазлан шиллэх, хулдаасан хамгаалалт хийнэ гэж 4.9 сая төгрөгийн төсөвтэй ажлыг хадам ээжийнхээ компаниар гүйцэтгүүлсэн гэж “Их Хануйн гол” компанид нийт 73 сая гаруй төгрөг шилжүүлсэн атлаа ямар ч ажил хийлгээгүй байсан гэдэг.
Улмаар Уран зургийн галерейн ажилчид, хөлсний хүмүүсээр зургийг гуунд хийх, хулдаасан хамгаалалттай болгох, шиллэх ажлыг гүйцэтгүүлсэн нь тогтоогдсон талаар цагдаагийнхан мэдээлж байсан юм.
Н.Батбаатарыг ашиг сонирхлын зөрчилтэй, зураг зардаг байж болзошгүй гэх хардлага ажилчдынх нь дунд байдаг төдийгүй уран зургаар бизнес хийдэг хүмүүс өрөөгөөр нь эргэлддэг гэх яриа байгаа гэнэ.
Музей, номын сан, Уран зургийн галерей зэрэг байгууллагын удирдлагатай холбоотой хууль бус үйлдлүүд нэг бус сонсогддог ч БСШУ-ы сайд Л.Гантөмөр ямар ч хариуцлага тооцож чаддаггүй, намын удирдлагын томилуулсан хүмүүс гээд таг дуугүй өнгөрдөг талаар олон эх сурвалж хэлж байгаа юм.
Г.РАВЖАА