Монгол угсаатнуудын их түүх, уламжлал, соёл, гүн ухаан, сэтгэлгээний онцлогийг илтгэсэн Монголын сэдэвт гарамгай бүтээлүүд урлаж хүн төрөлхтөний оюуны санд бахархам хувь нэмэр оруулж байгаа уран барималч, зураач Намдагийн Дашням /Даши Намдаков/-д 2015 оны Монгол Улсын Ерөнхийлөгч өнөөдөр Төрийн соёрхлыг хүртээв.
Намдагийн Дашням 1967 онд Буриадад төрсөн. 1992 онд ОХУ-ын Красноярск хотын Урлагийн дээд сургууль төгсөж 1990-ээд онд төрөлх Улаан-үд хотдоо өөрийн урлангаа байгуулж уран бүтээлээ туурвиж эхэлжээ.
Н.Дашнямын бүтээлүүд одоогоор дэлхийн 25 орны урлагийн музейд хадгалагдаж байгаа бөгөөд ОХУ, Франц, Герман, Белги, Швейцарь, Финланд, АНУ болон Япон, Хятад зэрэг орны улс төр, бизнесийн алдартай хүмүүсийн хувийн цуглуулга, уран бүтээлийн санд байдаг аж.