Хотын хүн ам өдөр ирэх тутам нэмэгдэж, оршин суугчдын хүрээ дөрвөн зүгт тэлсээр байна. Үүнийг дагаад төрөл бүрийн халдварт өвчин, осол гэмтэл, гамшгийн тоо нэмэгдсээр байхад нийслэлийн Яаралтай тусламжийн төв 20-30 жилийн өмнөх бүтэц, зохион байгуулалтаар ажилласан хэвээр. Тэгвэл нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдлын байнгын хорооны дарга Ж.Амарсанаа түргэн тусламжийн цэг байгуулах төсөл санаачилж, үүнийг нь хотын удирдлагууд дэмжсэнээр ирэх онд Улаанбаатарт ийм 10 цэг байгуулахаар боллоо.
2016-2017 онд 10, 2020 он гэхэд нийслэлд түргэн тусламжийн нийт 40 салбар төв байгуулсан байх аж. Одоогоор Баянзүрх дүүрэгт дөрөв, Сонгинохайрханд гурвыг, үлдсэнийг нь бусад дүүрэгт байгуулахаар хэлэлцэж буй аж. Төслийн багийнхнаас энэ талаар тодруулахад “Яаралтай түргэн тусламжийн төвийнхөнтэй хамтран судалгаа явуулж байна. Хотын аль цэгээс хамгийн их дуудлага ирдэг, бас хүлээгддэг, хүрч очиход хүндрэлтэй газруудыг сонгон салбар төвүүдийг байгуулна. Нэг төвд яаралтай тусламжийн гурван их эмч ажиллана. Тэд эрчимт эмчилгээ, зүрх, судасны өвчин, төрөх, эмэгтэйчүүд, осол, гэмтэл, мэдрэл, хүүхдийн чиглэлээр эмнэлгийн яаралтай тусламж цаг алдалгүй хүргэх юм. Ингэснээр хүлээгдэл чирэгдэл буурч, алслагдсан хорооллын айлуудад түргэн тусламжийн сүлжээ улам ойртох юм. Иргэд 24 цагийн турш тусламж, үйлчилгээ авах боломжтой. Яаралтай тусламжийн төвд эмчлэх эрхтэй их эмч нарыг сонгон шалгаруулж, нийт 30 хүнийг ажлын байраар хангана” гэж ярив.