Хан-Уул дүүрэг 220 иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудтай орчныхоо 50 метр хүртэлх нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжийг хариуцан, эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ хамгаалалтыг хариуцах заалт бүхий гэрээг байгуулсан байна. Гэрээний заалтыг биелүүлээгүй аж ахуйн нэгж иргэдэд Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг нь сунгахгүй байх хүртэл хариуцлага тооцон ажиллаж байгаа юм. Мөн Баянгол дүүрэг 50 метр газрын хог хаягдал, цас мөсний цэвэрлэгээ, хальтиргаа гулгааг арилгах шаардлагыг 28 аж ахуйн нэгж байгууллагуудад хүргүүлж, 26 зөрчлийг арилган ажиллажээ. Тус дүүргийн 23 олон нийтийн байцаагч сарын хугацаанд цэвэрлэгээ үйлчилгээ хийгээгүй, хог тарьсан 315 иргэн, аж ахуйн нэгжийн зөрчлийг илрүүлж, тэмдэглэл үйлдсэн байна.