Айл гэрийн эзэн, алаг үрсийн аавууд тав, арваараа нийлчихсэн компьютерийн дэлгэц ширтэн төсөөллийн орчиндоо “тулалдаж” байгаа харагдана. Тэдэнд эсрэг багаа ялж, байлдах л чухал.
Хүүхэд шиг хөөрч байгаа тэднийг хараад бага насны галт тэргэнд суучихсан “хурдалж” явааг нь өхөөрдмөөр ч 20-30 нас хол давчихаад үнэтэй цагаа үргүй өнгөрүүлж байгаад нь харамсав.
Танилуудын чинь дунд ийм хүмүүс байдаг уу. Гэхдээ хааяа зугаа төдий байдлаар тоглодог хүн болгоныг буруутгах гэсэнгүй.
Буцалж байгаа цай дэвэрсэн ч, дэргэдэх хүүхдээ уйлсан ч, хань нь халамж шаардсан ч үл тоон хийсвэр ертөнцөд зорчигчид гэр бүлийн харилцаандаа сэв суулгадгаа мэддэг болов уу.
“Би, чи, та”-д хаягласан ойролцоо утга агуулгатай дөрвөн зурвасыг хүргэе. Тэдний асуултад “Сэтгэлийн толь” төвийн сэтгэлзүйч Х.Хандсүрэн хариуллаа.

ХООСОН ОРОН ЗАЙН ОРЛУУЛАГЧ
Бид өнөөдөр асар хурдтай хөгжиж буй, завгүй дэлхийд амьдарч байна. Өнөөдөр, маргаашийн амьдралын аар саархан зүйлд санаа зовсоор, яг одоо тулгамдаж байгаа бэрхшээлийг анзаарах сөхөөгүй өдөр хоногийг өнгөрөөсөөр л.
Өөртөө болон гэр бүлийнхэндээ анхаарал, халамж тавих завгүй ажилласаар л байна. Нэг л мэдэхэд, энэ өрнүүн амьдрал, элгэмсэг биш харилцааны нөлөөгөөр таны хайртай хэн нэгэн буруу зүйлд татагдаж, бүр түүндээ донтож байгааг мэдвэл таатай байхгүй нь ойлгомжтой.
Дээрх бүсгүйчүүдийн жишээнд дурдсантай ижил хүн гэнэтхэн тоглоомын донтон болдоггүй. Энэ өвчний гол шалтгаан нь тухайн хүний өөртөө итгэлгүй байдал, сэтгэл санааны таагүй нөхцөл буюу бухимдал юм. Таагүй байдлаа өөрчлөх хялбар аргыг хүн бүр хайдаг.
Тодруулбал, бухимдал, стрессээс хийсвэр орчин түүнийг холдуулж байна гэж ойлгоод бага багаар тоглож, интернэтэд ихэнх цагаа өнгөрүүлсээр, энэ давтамж нэмэгдэхийн хэрээр зуршил нь дон, бүр цаашлаад өвчин болж хувирдаг.
УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АРГА
Ийм донтолт, өвчнөөс урьдчилан сэргийлэх арга нь түүнд зориулах анхаарал халамж юм. Гэр бүл, хамт олон, найз нөхдөөрөө нийлж сонирхолтой зүйл хийх нь нэг гарц байж болно.
Мөн хүсэл сонирхлоо илүү тэмүүлэлтэй болгож, өөрийгөө хөгжүүлэх олон аргаас суралцаарай. Байлдаантай тоглоом тоглосноос спортоор хичээллэж, жинхэнэ цэвэр өрсөлдөөн мэдэрвэл мэдээж таатай байх болно.
Мөн энэ сөрөг хандлага, донтолт байж болох талаар ярилцаж, урьдчилан сэргийлэхийг хичээгээрэй.
ГАРАХ АРГА ЗАМ БИЙ
Нөхөртэйгөө хамт компьютер тоглоомын донгийн сөрөг талыг жагсааж бичээрэй. Илэн далангүй ярилцаж, хэт буруутгалгүй аливаа зүйлээс хамааралтай болтлоо дурлах нь ямар уршигтайг ойлгуулахыг хичээгээрэй.
Энэ бүхэнд танд мэргэжлийн сэтгэл судлаач тусалж чадна. Мөн бүлгийн уулзалт, зөвлөгөөнд сууж ч болох юм. Тоглоомондоо олон цаг зориулдаг болсноос хойш гэр бүлийн харилцаанд ямар сөрөг нөлөө үзүүлснийг бичиж, бие биеэсээ юу хүсдэгээ ярилцаж байгаарай.
Хэрэв та нөхөртөө эсвэл тоглоомонд дуртай гэр бүлийн хүндээ хүлээн зөвшөөрөгдөхөө больж, тэр таныг зохих ёсоор үнэлэхгүй, чухал хүн биш болсон мэт санагдаж, таныг хайрлахгүй байгаа бол энэ донтолт байж болох юм. Нэг удаа ч гэсэн мэргэжлийн сэтгэлзүйчид хандаж, энэ талаар зөвлөгөө аваарай.
Та бүхэн гэр бүлийн амьдралдаа тохиолдож буй бэрхшээлийн тухай мэргэжлийн сэтгэлзүйчээс зөвлөгөө авч, шийдвэрлэх арга зам олохыг хүсвэл bichita@mongolnews.mn хаягаар захидал бичээрэй.
Ж.СОЛОНГО