Манай улсад гэмтэл, согогийн алба үүсэж хөгжсөний 55 жилийн ой энэ онд тохиож буй. Ойн хүрээнд олон ажлыг зохион байгуулж байгаа бөгөөд үүний нэг болох Гэмтэл согог судлалын онол практикийн XVII эрдмийн чуулган өнөөдөр боллоо. Чуулганаар 55 жилийн ололт амжилт, салбарын цаашдын хөгжлийн асуудлаар хамтдаа хэлэлцэж, салбарт шинээр нэвтэрсэн эмчилгээ үйлчилгээ, ололт амжилт алдаа оноог хамтдаа дүгнэн хэлэлцсэн байна. Энэ удаагийн эрдмийн чуулганд салбарын эрдэмтэн докторууд, хот хөдөөгийн эмч мэргэжилтнүүдээс гадна ОХУ болон БНСУ-аас эмч, судлаачид оролцон харилцан туршлага хуваалцжээ.
ГССҮТ өнөөдрийн байдлаар 500 гаруй эмч, ажилтантайгаар хүн арддаа яаралтай тусламж үйлчилгээг хүргэж буй. Эрүүл мэндийн салбарын хамгийн ачаалалтай төв болох ГССҮТ-ын яаралтай тусламжийн тасгаар жилд 80.000, амбулториор 20.000 гаруй хүн үйлчлүүлдэг байна. Тус төвд хэвтэн эмчүүлэгчдийн тоо 14.000-д хүрдэг бол, жилд 8000 гаруй хүн хүнд мэс засалд ордог аж. ЭМСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Н.Бат-Эрдэнэ “Эрүүл мэндийн салбарынханы хамгийн том хариуцлага бол хүний амь насыг аврах явдал. Энэ хариуцлагаа ухамсарлан хүний амь насыг аврахын тулд салбарын ажилтан бүр сахилгатай, хариуцлагатай, ёсзүйтэй, авилгагүй, хүнд сурталгүй, чиргэдэлгүй ажиллах хэрэгтэй”-г онцолсон юм.