Парис хотноо зохион байгуулж буй НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн хуралдаанд БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг үг хэлж, байр сууриа илэрхийлжээ. Уг хуралд 195 орны төрийн тэргүүн болон Байгаль орчны сайд нар оролцож буй. “Монгол газар зүйн байршил, уур амьсгал, эдийн засгийн салбар, хөгжлийн түвшин болоод хүн амын амьдралын хэв маяг зэргээс улбаалан уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн эмзэг орнуудын нэг. Олон улсын “German watch” судалгааны байгууллагаас гаргадаг үнэлгээний тайлангаас үзэхэд манайх уур амьсгалын өөрчлөлтөд өртөх өндөр эрсдэлтэй 10 орны наймдугаарт жагсаж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн улмаас тулгарч буй бэрхшээлийг даван туулахын тулд манай УИХ 2000 онд Уур амьсгалын өөрчлөлтийн үндэсний хөтөлбөр анх баталж, 2011 онд шинэчилсэн. Уг хөтөлбөр тулгамдсан гол асуудлыг тодорхойлох, тэдгээрийг үндэсний хэмжээний болон салбарын хөгжлийн бодлого, стратегитэй уялдуулан хэрэгжүүлэхэд чиглэж буй. Мөн өнгөрсөн онд УИХ-аас баталсан Ногоон хөгжлийн бодлогод уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах тодорхой зорилтууд дэвшүүлсэн” гэж Н.Батцэрэг сайд онцолжээ.
Тэрбээр мөн Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад өөрийн гэсэн хувь нэмэр оруулахад хөрөнгө, санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатайг тэмдэглээд “Монгол оронд салхины эрчим хүчээр нэг кВт цахилгаан гаргахад 13-15 центийн зардал гардаг. Гэтэл бид энэ хэмжээний цахилгааныг нүүрснээс гаргаж авахад таван центийн зарцуулна. Иймээс дэвшилт технологи дамжуулах, чадавхийг бэхжүүлэхэд Уур амьсгалын ногоон сан, олон улсын болон бүс нутгийн санхүүгийн бусад механизмын хөрөнгө оруулалт, техникийн туслалцааг нэмэх зайлшгүй шаардлагатай байна. Үүнийг хурлаас гаргах баримт бичигт тусгаж, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх үйл ажиллагаанд бидний оруулах хувь нэмрийг дэмжинэ гэдэгт найдаж байгаа. Монгол Улс уг хурлаас гарах үр дүнг бүрэн дэмжиж, шуурхай, амжилттай хэрэгжүүлэхэд идэвхтэй оролцоно” гэжээ.