Манай улсад хэрэгжсэн гадаадын төсөл хөтөлбөрүүдээс хамгийн үр дүнтэй нь Люксембург улсын “Зүрх, судасны төв” төсөл юм. Тус улс энэ төслийг манайд 13 жилийн хугацаанд гурван үе шаттай хэрэгжүүлэхдээ эхний ээлжинд 21 аймаг, есөн дүүргийн эмнэлгүүдийн зүрхний тасгуудыг цахимаар холбож, мэс засалчдын ур чадвар, чадавхийг сайжруулахад нэлээд анхаарсан юм. Тэгвэл төслийн хоёр дахь шатанд 2.3 сая евро, 1.7 сая ам.долларыг эх барих, эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээг сайжруулахад буцалтгүй тусламж болгон олгосон байна. Түүнээс гадна эмч, мэргэжилтнүүдийг харилцан туршлага судлуулж, мэргэшүүлэн Улсын гуравдугаар төв эмнэлэгт 700 кВт-ын хүчин чадалтай нөөц генератор хүртэл суурилуулж өгчээ. Энэ нь 7-8 сумын цахилгааны хэрэгцээг бүрэн хангах хэмжээний хүчин чадалтай юм байна. Ингэснээр цахилгаан тасрах үед мэс засал, бусад эмчилгээ доголдож, цаашлаад хүний амь эрсдэх аюулыг арилгаж чадсан. Мөн “Зүрх, судасны төв” төслийнхөн манайд удаа дараа ирж, өндөр өртөгтэй, зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай хүмүүст үнэ төлбөргүй хагалгаа хийж, 30 гаруй хүнийг бүрэн эмчлээд буй.
Ирэх онд хэрэгжээд дуусах уг төслийн шинэ шатыг 2017 онд дахин эхлүүлэхээр болсноо Люксембург улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Пол Штайнмэц дуулгав. Одоогоор тус улс хэчнээн төгрөгийн санхүүжилт манайд олгохоо тодорхой болгоогүй байна. Сонирхуулахад, 2016 онд “Зүрх, судасны төв” төслийн гурав дахь шат хэрэгжих бөгөөд манай улсын нийт хүн амын зүрх, судас, эх, нярайн эрүүл мэндийг дэмжихэд хувь нэмэр оруулах аж.