МХЕГ эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудын хөдөлмөрийн нөхцөлийг тандан судалжээ. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдээллийн сан бүрдүүлэх зорилготой уг судалгаа (8-11 дүгээр сард)-нд орон нутгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүд, 14 аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, төрөх эмэгтэйчүүд, халдвартын тасгийн 537, нийслэлийн зургаан эмнэлгийн 340, нийт 877 эмч, сувилагч, асрагчийг хамруулжээ. Тэднээс халдварт, төрөх, эмэгтэйчүүд, мэс заслын тасгийн ажилтнуудын 30 хувь нь элэгний В, С вирустэй, 13 хувь нь ямар нэг халдварт өвчнөөр өвдсөн, 84 хувьд нь ажил хийж байх үед өвчний шинж тэмдэг илэрч байсан, 26 хувь нь хөдөлмөрийн чадвараа түр алдаж байжээ. Судалгаагаар эмч, ажилтнууд ажлын байрандаа аливаа нянгаар бохирдсон эд зүйлс, вирус тээгч, өвчтөнүүдээс халдвар авдаг нь тогтоогджээ.
Эрүүл мэндийн байгууллагууд ажилтнуудынхаа мэргэжлээс шалтгаалсан өвчнийг илрүүлэхэд учир дутагдалтай, ажлын байр нь агааржуулалтгүй, халдварт болон халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх ажил өрнүүлдэггүй, жил бүр эрүүл мэндийн үзлэг хийдэг ч эрүүлжүүлэх ажил өрнүүлдэггүй нэр төдий, үр дүн нь муу байгаагаас эмч, ажилтнууд өөрсдөө янз бүрийн халдвар авах болжээ. Дашрамд дурдахад, 2015 оны байдлаар манай улсад тусламж, үйлчилгээний гурван шатлалаар 1256 эмнэлэг, хувийн хэвшлийн эрүүл мэндийн 587 байгууллагад 34000 гаруй эмч, ажилтан ажиллаж байна. Эдгээрийн 7079 нь их эмч, 8359 нь сувилагч, 3003 нь бага эмч аж.с