ОХУ-тай харилцан визгүй зорчдог болсноос хойш Буриадын Улаан-Үд рүү монголчууд Итгэлт хамбад мөргөхөөр их явах болсон. Ингэж явахдаа тус улсад халдлагад өртөх зам тээврийн осолд орох, гэмт хэрэгт холбогдох явдал гарсаар байна.
Хиагт-Улаан-Үдийн хооронд явж байсан автомашин уржигдар осолдож нэг бус хүний амь үрэгдсэн тухай мэдээлэл бидэнд ирсэн юм.
Эх сурвалжуудын мэдээлснээр ослын улмаас гэр бүлийн 2-3 хүн нас барж, нэг ойтой хүүхэд амьд үлдсэн гэнэ. Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын эрх бүхий албан тушаалтнуудаас тодруулахад “Бидэнд энэ тухай мэдээлэл ирээгүй” гэв.
Харин Сэлэнгэ аймаг, Алтанбулаг боомтоор орж ирж буй хүмүүс “Хилийн цаахна талд Галуут нуур буюу Гусиноозерск орчимд ноцтой осол болж 3-4 хүний амь үрэгдсэн нь үнэн. Хурд хэтрүүлснээс болж энэ осол гарсан бололтой” гэж ярилаа.
Г.РАВЖАА