Нийслэлийн хэмжээнд энэ сарын 10-ны 05:00 цагаас 11-ний өглөөний 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас 4361 дуудлага ирснээс гэмт хэргийн 118, зөрчлийн 1233, зам тээврийн ослын 340, гэмт хэргийн шинжтэй 70 үйлдэл бүртгэгджээ.
Тодруулбал, СБД-ийн зургаадугаар хорооны нутагт үйл ажиллагаа явуулдаг "ломбардны хаалгыг хүмүүс хөшөөд байна“ гэсэн мэдээллийг 12-р сарын 10-нд хүлээн авч шалгахад: СБД-11 хороонд суух Б /эр.34н/-ын барьцаалан зээлдүүлэх газрын хаалгыг СХД-30 хороонд суух А /эр.20н/ нь бусадтай бүлэглэн эвдэж байгаад баригджээ. Энэ хэргийг тус дүүргийн Цагдаагийн газар шалгаж байна.
Түүнчлэн СХД-ийн 16 дугаар хороонд оршин суух иргэнээс "манай байранд согтуу хүн хүүхдүүдээ зодоод хаалгаа онгойлгохгүй байна” гэсэн мэдээллийг 12-р сарын 10-нд авч цагдаагийн алба хаагчид, НОБГ-ийн Аврах тусгай ангийн ажилтнуудын хамт цонхыг нь хагалан ороход: Тус тоотод суух Б /эр.27н/ нь согтуурсан үедээ өөрийн төрсөн хүү Б /эр.2н/-д хутга тулган эсэргүүцэл үзүүлсэн хэргийг таслан зогсоож тус дүүргийн Цагдаагийн хэлтэст байцаалт хийж буй аж.